Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд орж буй өөрчлөлт
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол улсын иргэнд газар үнэгүй өмчлүүлэх хуулинд заасан хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор сунгах асуудлыг хэлэлцсэн. Улмаар уг асуудлыг 10 жилээр сунгах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хуульд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл боловсруулсан байна. Ингэснээр хуульд дараах өөрчлөлт орно.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” анх 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д 7 удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа буюу хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг дагаж мөрдөх хугацааг 5, 5 жилээр сунгасан байна.
Хууль 2003 онд хэрэгжиж газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж /өрх/ байсан ба 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн өмнөх 5 жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт өөрчлөлт орсон юм.
Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй газар өмчлүүлсэн талаарх судалгаанаас үзэхэд хууль хэрэгжиж эхэлсэн эхний 5 жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилж авсан бол, хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авсан байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын тандан судалгааг 2017 онд хийсэн бөгөөд уг тандан судалгааны үнэлгээгээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан аж. Иймд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгах зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн боловсрууллаа. Уг хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан байна.
Ингэснээр
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн “2018” гэснийг “2028” гэж өөрчилнө.
- Энэ хуулийг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Хуулийн төслийг Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж батлах юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
URL: