Д.Баярсайхан: Төрийн банк “ЖАСТ”-ын Ш.Батхүүд батлан даалт гаргаагүй

30769141_1319493394862244_886523368_oХэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өчигдөр шуугиан дэгдээгээд байсан “Төрийн банк Эдуард Сүрэнд 51 тэрбум төгрөг төлөхөөр боллоо” гэсэн мэдээлэлд Төрийн банкны удирдлагууд өнөөдөр албан ёсоор тайлбар хийлээ.
“Жаст групп” компанийн ерөнхий захирал Ш.Батхүү нь иргэн Э.Сүрэнгээс 2010 онд 32 сая 855 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 51 тэрбум төгрөг зээлсэн байна. Энэ үед Хадгаламж буюу одоогийн Төрийн банкнаас зээлийн эрсдлийн батлан даалт гаргасан гэх. Улмаар 2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхээс “Жаст групп” компани 32.8 сая ам.долларыг төлөөгүй тохиолдолд Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулах шийдвэр гарсан юм. Харин Төрийн банкны зүгээс уг шийдвэрийг дахин хянах хүсэлтийг шүүхийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд өчигдөр буюу энэ сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн ажээ.
Энэ талаар Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, “Төрийн банк Э.Сүрэнд төлбөр төлөхгүй. Манай банк 2013 онд гарсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг дахин хянах хүсэлтийг хоёр үндэслэлээр шүүхэд хүргүүлсэн. Нэгдүгээрт, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 06-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс “Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас Төрийн банкинд тайлан балансаар шилжүүлсэн эд хөрөнгө нь гэрээгээр хязгаарлагдана” гэснийг тогтоосон. Өөрөөр хэлбэл “Хадгаламжийн эрх хүлээн авагчаас Төрийн банкинд шилжүүлсэн актив, пассив шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө нь тухайн тайлан балансад туссан эд хөрөнгөөр хязгаарлагдана” гэдгийг тогтоосон юм. Хоёрдугаарт, Хадгаламж банкны хүлээн авагчаас “Эдуард Сүрэнтэй холбоотой өр авлага, баталгааны гэрээ, батлан даагч шилжиж ирсэн эсэхийг тодруулсан. Хадгаламж хүлээн авагчийн зүгээс “Манайд Эдуард Сүрэнтэй холбоотой аливаа баталгаа, батлан даалттай холбоотой асуудал шилжиж ирээгүй” гэсэн тайлбар өгсөн. Тиймээс Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг дахин хянах хүсэлт хүргүүлсэн ч өчигдөр болсон хуралдаанаар биднийг 2013 ондоо давж заалдаагүй гэсэн шалтгаанаар хүлээж авахаас татгалзсан. Бид энэ асуудлуудыг АТГ, прокурорын байгууллагад хүргүүлсэн. 51 тэрбум төгрөгийн маргааныг Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан гэх асуудалтай нэгтгэн мөрдөж байгаа. Уг хэргээс тусгаарлаад шалгах юм бол бид нотлох баримтуудаа шүүхэд дахин өгөх боломж бүрэн байгаа.
Мөн 2018 оны 2 дугаар сард Улсын дээд шүүхээс Э.Сүрэнг Төрийн банк бус “Жаст групп”-ээс төлбөрөө гаргуул гэсэн тогтоол гарсан. Тиймээс Э.Сүрэн “Жаст групп”-ээс л мөнгөө авах ёстой”  хэмээсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих