Гашуунсухайт боомтоос ирж буй сайн мэдээ
Хил дээр хоног дамжин саатдаг байсан нүүрсний экспортын түгжрэл арилж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, улмаар улс орны хөгжлийг төдийгүй иргэдийн өрхийн амьжиргааг өөд нь татах боомтын гацаа сая нэг шийдэгдлээ. Удаан хугацааны турш үргэлжилсэн албан бус хоригт өртсөн нүүрсний экспорт жигдэрч, урьдын хэвэндээ орох шинжтэй. Ингэснээр эрдэс баялгийн экспортоо ахиулах боломж манай улсын хувьд бүрдэж байна.
Монгол Улс өнгөрсөн онд 33.4 сая тонн нүүрс экспортолж, 2016 онтой харьцуулахад коксжих нүүрсний экспортоо даруй 29.4 хувиар нэмсэн. Тэгвэл энэ онд экспортоо тэлэх, гарцаа нэмэгдүүлэх эерэг нөхцөл бий болж эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улам хумигдсан нүүрсний экспорт энэ онд эрчимжих магадлал нэмэгдэж байна.
Төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг уул уурхайн таваарын бүтээгдэхүүний үнэ энэ онд харьцангуй тогтвортой байх төлөвтэй. Ялангуяа, экспортыг өнгөлж буй нүүрс болон зэсийн баяжмал одоогийн ханшаа цаашид хадгалахаар байна. Энэхүү олдсон боломжийг “чулуу” болгож, алдалгүй ашиглахад Гашуунсухайт боомтын үүрэг, ач холбогдол их. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд болон Гашуунсухайт боомтыг БНХАУ-ын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөх баримт бичгийг үзэглэсэн нь экспортын төлөвийг тун өөдрөг төсөөлөхөд хүргэж байна.
Гашуунсухайт боомтоор энэ сарын 16-наас зургаан гарцаар нүүрс гаргаж эхэллээ. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд онцолж, эскпортын саад арилж буйг дуулгалаа. Тавантолгойн бүлэг ордоос экспорт хийж буй компаниуд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө жин нэмсээр. Үүнийг дагаж ханган нийлүүлэлт болон туслан гүйцэтгэгч компаниуд ажилтай, орлоготой болж байна. Нүүрсээ зургаан гарцаар гаргаж эхэлсэн нь Монгол Улс орлогын үүдээ зургаан дахин нэмсэн гэсэн үг.
Эдийн засгийн тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинэ төсөл эхлүүлэхээр зэхэж байна. Тухайлбал, МАК болон “Өсөх зоос” компани энэ онд баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа бол “Саусгоби сэндс” компани энэ сард баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Нүүрсний компаниуд эдийн засгийн тамир тэнхээ сууж, нэмүү өртөг шингээхэд анхаарч байгаа нь энэ. Эдгээр төслийн “хөшиг”-ний ард барилгын салбар өндийж, иргэд ажилтай болж, ажилгүйдэл буурна. Өрхийн өрийн дарамт холдож, худалдаа, үйлчилгээний салбарт өсөлт гарна. Дотоодын боловсруулах үйлдвэрлэл дагаад сэргэнэ.
Орлогын үндсэн эх үүсвэр болсон уул уурхайн салбарт тулгардаг экспортын саад арилсан нь энэ оны эцэст Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны таамгаар Монгол Улсын эдийн засаг 3.8-5.3 хувиар өсөхөд голлох нөлөө үзүүлэхээр байна. Нүүрс Монголын экспортын орлогыг тодорхойлж, уул уурхайн салбарын богино болон дунд хугацааны хөгжлийг зурахад боомтын хүчин чадал чухал. Тэгвэл худалдааны болон уул уурхайн экспортын гол гарцуудаа өргөтгөхөөр болсон нь хоёр улсын худалдааны эргэлт 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрэх найдвар төрүүлнэ.
Гашуунсухайт боомтын захиргааны мэдээлснээр, тус боомтоор энэ сарын 16-нд нүүрс тээврийн 869 автомашин нэвтэрсэн нь өмнөх өдрүүдийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт болов. Өсөлтийн цуврал үргэлжилсээр байна. Тухайлбал, энэ сарын 17-нд гэхэд Гашуунсухайт боомтоор нүүрс болон баяжмал ачсан 1002 тээврийн хэрэгсэл гарчээ. Үүнээс нүүрс ачаатай 806 автомашин худалдан авагч талд бараагаа хүргэсэн байна. Хил дээр үүссэн урт дараалал татагдаж эхэлснээр аваар ослын хэмжээ ч цаашид буурах нь дамжиггүй. Монголын экспортын нүүрсний зах зээлээс одоо өндөр өсөлт хүлээж болох нь.
URL: