МҮБХ-ныхон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа
МҮБХ-ны удирдлагууд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа. Учир нь цагдаагийн байгууллагын удирдах дээд албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулан, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна гэж үзжээ.
Мөн байгууллагын дотоод үйл ажиллагаанд дур зоргоороо оролцож, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцож, гэмт этгээдүүдийг өөгшүүлж, УИХ-ын гишүүн, хууль тогтоогч хүний биед халдах боломж бололцоог гэмт этгээдүүдэд бий болгож, өнөөдрийг хүртэл аюултай гэмт хэрэгтнүүдэд ямар ч хариуцлага тооцохгүй, хамгаалж, хэт нэг талд үйлчилж байгаа тул арга буюу хандахад хүрч байна гэв.
Тодруулбал, Р.Нямдорж нь МҮБХ-ны тэргүүнээр 16 жил хууль бусаар ажилласныг гурван шатны шүүхийн 6 удаагийн шийдвэрээр тогтоосон байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түүний хэрэглэж буй, тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан ч тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард хууль бус хурал зохион байгуулан УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгосон юм.
Энэ бүх хууль бус ажиллагаанд цагдаагийнхан гар бие оролцон, Бөхийн өргөөг хамгаалан хууль бус талд үйлчилж байгаа нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалтай холбоотой тухай гомдолдоо дурджээ. Учир нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал нь МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн төрсөн дүү. Тиймээс ахынхаа хувийн эрх ашигийн төлөө цагдаагийн байгууллагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ашиглаж, хууль бус талд илт үйлчилж, гэмт үйлдлийг өөхшүүлж, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэв. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ОӨУБЕГ-аас албан ёсоор баталж, бүртгэлжүүлсэн МҮБХ-ны удирдлагуудын гаргасан гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: uls.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Monh-Erdene zov shiidej baina.Bat-Erdene huuliig hundel