С.Баярын хэлсэнчлэн хоёрын хоёр экс Ерөнхий сайдаа хорьсноор Монголын нэр хүнд дэлхий нийтэд унах уу, эсвэл…

15239553435ad5b68f36894Энэ дөрөвдүгээр сар баривчилгаагаар эхэлсэн. Эхлээд С.Баярцогт тэргүүтэн, дараалаад Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилж хориод байгаа. Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнууд  баривчилгаанд өртөж, шалгуулж нягтлахдаа тулсан нь  бараг анх удаагийнх байх. Гэхдээ Н.Энхбаярыг эс тооцвол.

Олон жилийн турш зөвхөн жараахайны араас хөөцөлддөг гэсэн нэр хоч авахдаа тулаад байсан АТГ-ын хаясан  дэгээнд ийнхүү тул  баригдсаныг шударга ёсны өлсгөлөнтэй монголчуудын хувьд талархалтай хүлээж авсан нь тодорхой. Тэр дундаа хуулийн өмнө хаан харцаасаа үл хамааран тэгш үүрэг хариуцлага үүрдгийн амьд жишээ болж байгаа гэдэгт итгэе. Гэхдээ энэ бүхэн түрхэн зуурын үзэгдэл биш байгаасай хэмээн битүүхэн залбирч байгаа.  Сүржин эхэлсэн баривчилгаа даржин төгсдөгийн эмгэнэлтэй үнэнийг монголчууд мэдэрдэг болохоороо тэр. Дуу шуутай, дуулиан чимээтэй эхэлсэн энэ мэт хэрэг зугуухан чимээ алдарч хожим хойно нэг өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлогдоогүй гэхчлэнгээр замхардаг. Ялангуяа шүүх дээр.Тийм биш байгаасай, гэмтэй бол гэм зэмээ эдлээсэй гэсэн хүлээлт л иргэдийн дунд байна. Ерөөс шударга ёсыг доороос нэхэхийн оронд дээрээс үлгэрлэх нь зөв байх.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг  гаргасан.  Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг хорвоо юм болохоор Төрийн ордонд хүндэтгэлтэй заларч байсан эрхмүүд өнөөдөр хорих 461-р ангид торны цаана сууж байна. Буруутай бол буруутай гэдгээ хүлээгээд, буруугүй бол бургуугүй гэдгээ тогтоолгоод нэрээ цэвэрлээд авбал хэзээнээс нааш хар хэл аманд өртөөд буй энэ хоёр эрхмийн хувьд нэг бодлын амар ч байж мэднэ.

Эх сурвалжийн мэдээлснээр баривчлах гол шалтгаан нь гэмт хэргийн ул мөр нотолгоо баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгах болзошгүй гэдэг нөхцөл байдал үүсэхээс сэргийлж байгаа гэж тайлбарласан.  Дээрхи шүүх хурлын ажиллагаанд  Ерөнхий сайд асан С.Баяр онлайнаар оролцсон.  Тэрбээр  энэ үеэрээ “Өнөөдөр намайг сарын хугацаагаар цагдан хорих нь сонин биш. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорьж байна гэдэг нь өнөөдөр Монголын нэр хүнд дэлхий дахинаа унах цаашлаад Оюутолгойн хувьцаа унах асуудал үүсэж болзошгүй. Улмаар энэ нь Монголын эдийн засагт нөлөөлөх юм. Тийм болохоор энэ талаас нь харж үзээч” гэсэн санааг илэрхийлжээ..

Үнэхээр экс Ерөнхий сайдууд маань Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар хоригдож байгаа гэх мэдээлэл бий. Тэгснээс Ж.Батзандангийн хэлдэг  Эрдэнэтийн асуудал тэднээс холуур тойрч байгаа дүр төрх харагдаж байгаа юм.  Ямартай ч 7 ширхэг Эрдэнэттэй тэнцэх хэмжээний их баялагтай Оюутолгойн ордын гэрээ Монголын төрийнхэнд өлзий муутай, өгөөж хаялага нь шингэц тааруухан байх шиг.  Гээнэдээ байна уу, гоондоо байна уу гэдэг нь удахгүй тодорхой болох байх.  Энэ тусдаа асуудал учир ингээд орхиё.

Харин хоёрын хоёр Ерөнхий сайдаа  баривчилж шалгаснаар Монголын нэр хүнд дэлхий нийтэд унах уу гэдэг дээр л тогтож яривал ямарав.  Үнэхээр улсынхаа нэр хүндийг гадаад талдаа навсайтал унагачих гээд байна уу. Үгүй ээ, харин ч эсрэгээрээ байх юм биш үү.

Мэдээж энэ явдал гадаад ертөнцөд гялайж цэлийх сайн мэдээ биш. Монголын төрийнхэн авлигад дуртай юм байна, гар сунгавал тосоод авдаг юм байна гэсэн мессеж очиж таарна. Ер нь ч иймэрхүү төсөөлөл өмнө нь байсан байх. Тэр бүдэг бадаг төсөөллийг л илүү тодруулж өгнө гэсэн үг. Гэхдээ энэ мэдээллийг нэг сайн дохио дагалдана. Тэр нь юу гэвэл Монгол Улсад дураараа дургиж болохгүй, тус улсын хууль журмын гадна гишгэж болохгүй гэсэн сануулга хөрөнгө оруулагч нарт очино. Монгол бол хууль журамтай, түүнийг зөрчсөн хэн боловч хэн байхаасаа үл хамааран хуулийн өмнө тэгш үүрэг хариуцлагатай гэдгийн нотолгоо бас болно.  Тэгэхээр ерөнхий зургаараа Монголын нэр хүнд унах биш харин ч шударга ёсны үнэлэмжээрээ дээшилж, нэр хүнд нь уруудах биш өгсөх магадлалтай.

Олон мянган монголчуудын аж амьдралыг эх орноос нь илүү өөд нь татаж байгаа БНСУ Ерөнхийлөгч нартаа ихээхэн халгаатай улс. Ингэлээ гээд хэн ч тэднийг муу хэлээгүй. Харин ч хууль журам нь чанга, тэгш үйлчилдэг, шударга ёс  бүх шатандаа тогтсон хэмээн бахархангуй ярьж байхыг л харлаа. Солонгосын жишээ дотооддоо төдийгүй дэлхийн бусад улс орны удирдагч нарт ч сануулга сэрэмж болдог гэдэгт эргэлзэхгүй байна.

Эдүгээ тус улсын өмнөх хоёр ч Ерөнхийлөгч хоригдож байна. Тэд бүгд л авлигын гэсэн хэрэгт нэр ус нь холбогдоод байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ли Мён Бак баривчлагдан хоригдож байгаа бөгөөд 76 настай түүнд 40 орчим жилийн хорих ял оноож магадгүй гэсэн мэдээлэл байна. Ли Мён Бак анх прокурорт дуудан байцаагдах үедээ иргэддээ хандан “Би өнөөдөр та бүхний өмнө гашуудан зогсож байна. Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд мөн Солонгосын хойгийн асуудал хурц байхад та бүхэнд хүндрэл учруулж байгаадаа гүнээ уучлал хүсэж байна” гэжээ.

Манай Ерөнхий сайдаас ялгаатай нь гэвэл тэр “Намайг хорьвол БНСУ-ын нэр хүнд дэлхий нийтэд унаж магадгүй” гэж хэлсэнгүй.

Түүнчлэн  тус улсын өмнөх Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д саяхан 24  жилийн хорих ял өгсөн. Амь насаараа дэнчин тавьж, удам угсаагаараа Солонгос эх орныхоо төлөө зүтгэсэн Пак-ын удмын тэрбээр ганцхан удаагийн хазгай гишгэлтээсээ болж үлдсэн амьдралаа  шоронд өнгөрүүлэх гашуун тавилангийн өмнө ирээд байна. Гэхдээ хууль бол хууль.

Харин энэ бүхний төлөө Өмнөд Солонгосын нэр хүнд дэлхий дахинд огтхон ч унаагүй, цэцэглэн хөгжсөөр байгаа гэдэг нь эргэлзээгүй юм. Харин ч эсрэгээрээ шударга байдал, хууль тэгш үйлчилдэгийн тод томруун жишээ болон үлгэрлэж байгаа.

Хэрэв манай экс Ерөнхий сайдууд буруугүй гэдэг нь нотлогдвол  гадаад ертөнцөд бүр ч сайн дохио болон очино.

М.Нэргүй

Zaluu.com


URL:

Нэр: ard tumen Огноо: 2 May 2018

mongoliin ner hund delhii niited uiam usun shorond yavuulval bur usun

Сэтгэгдэл бичих