Стандарт бус ардчилал
Монголчууд бид XX зууныг хувьсгалаар угтаж, басхүү хувьсгалаар үдсэн байдаг. Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэн Ардын хувьсгалын түүхэн ялалтыг байгуулсан бол зууны төсгөл болох 1990-ээд онд ардчилсан хувьсгалыг өрнүүлж, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарласан. Энэ өдрүүдэд ардчилсан хувьсгалын баярыг тэмдэглэн, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд олсон ололт, алдаа оноогоо дүгнэн цэгнэж байна.
Ардчилал Монгол оронд, Монголчуудад юу авчирсан билээ. Ардчиллыг монголчууд бид хойд, урд хөршөөсөө гахай зөөж, ганзагын наймаанд мордсоноор эхлүүлсэн. Ардчиллын эхэн үед улсын үйлдвэрүүд задарч эзгүйрэн, мал малчдад очиж, картын бараанд бултаараа дугаарласан өдрүүд бидэнд бий.
Нэг ч хулганы хамраас цус гаргалгүй ардчиллыг эхлүүлсэн нийгмийг цогцлоох. Харин Чингисийн Монгол гэж тив дэлхийд гайхагдаж явлаа. Энэ бүхэн гэгээн дурсамж.
Ардчиллын үнэт зүйл бол шударга ёс, хүмүүнлэг нийгмийг цогцлоох. Харин бид энэ нийгмээ өнгөрсөн хугацаанд цогцлоон бүрдүүлж чадав уу. Ингээд ярихаар хүн бүр өөр өөрийн нүдээр ардчиллыг хэлэх биз. Гэхдээ л шударга ёс, хүмүүнлэг нийгэм гэдэг шударга төрөөс эхлэх болов уу.
Хөдөө орон нутгийнхныг мянга түмэн сүрэгтэй болж “Мянгат малчин”-аар энгэрээ цоолсноор хот хүрээнийхэн нь хээнцэр чамин хийцийн орд харш, унаа тэргээр өрсөлдөн авто замдаа түгжрэлдсэнээр ардчиллыг жиших үү. Эсвэл баян, ядуугийн зааг гарч, бэлтэй нь улам бүр баяжиж, бэлгүй нь туйлдсанаар ардчиллыг жиших үү.
Нэгэн үе манайхан “би эрх чөлөөтэй хүн, эрх чөлөөгөө эдлэх ёстой” гээд л цээжээ дэлдэн байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ үгийг амнаасаа унагах нөхөд эрс цөөрсөн юм шиг ээ. Ялангуяа “долдугаар сарын нэгэн” гэх таван хүний аминд хүрсэн хар мягмар гаригаас хойш ардчилсан орны иргэд бид сэтгэлдээ сэвтэй, хэн нэгнээс цэрвээстэй явах болжээ.
Ардчиллыг эхлүүлсэн. Ардчилсан хүчнийг байгуулсан эрхмүүд баяраа тэмдэглэж, хундагаа өргөж, цаашид хийх ажлаа тайлагнаж байна, өнөөдөр. Тэд “Иргэн баян бол улс баян”. Монгол хүнд иргэний эрх чөлөөг авчирсан шигээ эдийн засгийн эрх чөлөөг амлаж байна” хэмээн эдийн засгийн хувьсгал эхлүүлэхээ зарлаад байна.
Нэгэнтээ өвөг дээдсээсээ өвлүүлсэн үнэт өв болох эрдэнэсийн үүцээ задлаад эхэлсэн бид ойрын хэдэн жилдээ эдийн засгийн эрх чөлөөг мэдэрсээр байх болно гэж хэн хүнгүй ярьж байна лээ. Үнэндээ ч Монгол Улсын иргэн бүрт сар бүр эрдэнийн хувиа хүртэж, улс төрийн хүчнүүд сонгуулийн өмнөх жил гээд ирэх онд иргэн бүртээ сая төгрөгөө авах уу, хувьцааны ашгаа хүртэх үү гэсэн хувилбарыг санал болгоод байгаа.
Тиймээс иргэний эрх чөлөөнөөс эдийн засгийн эрх чөлөө рүү хөтөлж байгаа ардчиллынхны хувьд сонгуулийн уриа нь болох биз. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн 13-ын нэг өнөөдөр Монголын Улсын төрийг тэргүүлж, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж байна.
Нэгэнтээ ард түмний хаан сонголтыг хүндэтгэн чуулганы индрээс үгээ хэлж байсан АН-ын экс даргыг өнөөдөр ард түмэн “хаан сэнтийд” суулган, сонгосон. Энэ бол ард түмний сонголт байлаа. Ард түмэн ардчилсан сонголтыг хийж, ардчиллын 13-ын нэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгоод байна. Харин Үндсэн хуулиараа олонхийн саналаар төрд сонгогдсон төрийн түшээд, улстөрийн хүчнүүд өнөөдөр хамтарсан Засаг байгуулан, стандарт бус нийгэм хэмээн зарлаж байна.
Хамтарсан Засгийн газарт багтаж, сөрөг хүчний байр сууринаас ухарсан АН-ыг өнөөдөр ардчиллын үлгэр жишээ юу, албан тушаалын тохироо юу. Сонгогчид сонголтоо хийчихээд байхад сонгогдсон улс төрийн хүчнүүд хуулиас давсан авир гаргаж байгааг ардчиллын илэрхийлэл гэх үү. Тиймээс л ардчиллын үнэ зүйл болсон шударга ёс, хүмүүнлэг нийгмийг төр, засгийн эрхмүүдээсээ нэхмээр санагдаад болдоггүй ээ, энэ өдөр.
Н.Энхлэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: