Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлалт гуйна
Гурван жилийн өмнө бидний нэрлэдгээр “Долдугаар сарын 1” гэх үйл явдал болсон. Уг үйл явдлыг Хүний эрхийн үндэсний комисс 2008 оны илтгэлдээ иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчсөн гэдгийг тогтоосон. Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас “Цагдаа нар галт зэвсэг хэрэглэж хүний амь хөнөөжээ” гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл уг үйл явдлын улмаас таван хүн амиа алдсан билээ. Гэтэл өдийг хүрэхэд Монголын төр хүний амь хөнөөсөн хүмүүст биш байшин шатаасан хүнд ач холбогдол өгч ирсэн. Харин өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл буюу долдугаар сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан иргэдээс төр хэрхэн уучлалт гуйх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр Р.Гончигдорж, С.Эрдэнэ нар “Зөвхөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн гэх нь явцуу байна. Уг үйл явдлын улмаас хохирсон хүмүүс болон Монголын ард түмнээс гэж оруулах нь зүйтэй” гэжээ. Төрийн тэргүүн гэдэг утгаараа Ерөнхийлөгчөөр дамжуулж уучлалт гуйх нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд олон байсан ч түүний бүрэн эрхэд халдсан үйлдэл болох вий гэдгээс болгоомжилж байжээ. Тиймээс Ерөнхийлөгчид үүрэг болголгүй санал тавих нь зөв гэцгээсэн аж. Харин энэ асуудлаар Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгааг Х.Тэмүүжин гишүүн асуусан тухайгаа дуулгасан байна. Тодруулбал “Монгол төрийн ийм хэмжээний алдаанд уучлалт гуйхад татгалзах зүйлгүй. Ингэж байж улстөр жинхэнэ утгаараа тогтож, ардчилал бэхжинэ” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэрдорж хэлж байсан гэнэ.
URL: