Д.Трамп: В.Путин амлалтаа санах хэрэгтэй

1498067418ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай утсаар ярьжээ. Тэд АНУ болон түүний холбоотон орнууд Сирид агаарын цохилт өгсөн нь олон улсын хуулийг зөрчсөн төдийгүй бүс нутгийн хямралыг даамжруулсан талаар санал солилцсон байна. Кремлийн албаны сайтад мэдээлснээр, В.Путин “НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа дахин гарахад хүрвэл олон улсын нөхцөл байдалд үймээн гарах нь зайлшгүй” гэдгийг анхааруулжээ. Талууд Йемен зэрэг Ойрхи Дорнодын байдал, Орос Ираны хамтын ажиллагаа, худалдааг өргөтгөх талаар ярилцсан байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “ОХУ, Ираны тал Сирийн Засгийн газрын хүчнийхнийг өөгшүүлж байна” хэмээн В.Путин, Х.Роухани нарыг шүүмжилсэн юм. “Башар Ассадын хэрэгтэйхаргис дэглэмийг дэмжиж, зэвсэг нийлүүлэн, санхүүжүүлж байгаа хоёр Засгийн газарт би сануулга өгмөөр байна. Иран болон ОХУ-д хандаж хэлэхэд, гэм зэмгүй олон иргэн, хүүхдийн үхэлд ямар үндэстэн холбогдохыг хүсэх юм бэ. Дэлхийн улс үндэстнүүдийг найз нөхөд нь шүүх болно. Харгис хэрцгий дарангуйлагчид, алан хядагчдыг дэмжиж байгаа нэг ч улс үндэстэн амжилтад хүрэхгүй” хэмээн жиргэжээ.

Цагаан ордны тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан “Ерөнхийлөгч В.Путин болон түүний Засгийн газар 2013 онд дэлхий дахинд хандан Сири дэх химийн зэвсгийг устгахаа амласан. Гэвч Б.Ассадын үйлдсэн халдлага Оросын амлалт талаар болсныг гэрчилж байна. ОХУ энэ бараан мөрөө үргэлжлүүлэх, эсвэл хөгжингүй улс үндэстэнтэй нэгдэхээ шийдэх хэрэгтэй. Нэг өдөр ОХУ-тай, магадгүй мөн Иран улстай учир зүйгээ олно гэж найдаж байна. Гэхдээ үгүй ч байж мэдэх юм. Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ олон зүйл санал болгоход бэлэн байна” хэмээжээ. Арабын Бүгд Найрамдах Сири улс дахь химийн зэвсгийг устгаж, энх тайван байдал тогтоохоо амласан ч, Москва энэ амлалтдаа хүрч чадаагүйг бодит байдал харуулж байгааг хэлсэн юм.

Б.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих