ОХУ ОФФШОР БҮСҮҮДТЭЙ БОЛНО
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев АНУ-аас хориг арга хэмжээ авсан Оросын компаниудад зориулан оффшор бүсүүдтэй адил татварын онцгой нөхцөлтэй хоёр бүс нутгийг бий болгоно гэж амлалаа.
Энэхүү шинэ зохицуулалт нь металлурги, эрчим хүчний салбар болон зэвсэгт хүчний худалдааны бүтээгдэхүүнүүдэд хамааралтай байна хэмээн дэд сайдуудтай уулзах үеэрээ тэр хэлжээ. Энэ төлөвлөгөө нь удаан хугацааны туршид яригдаж байсан боловч АНУ-ын авсан хориг арга хэмжээ нь энэ асуудлыг эргэн харахад хүргэсэн байна. Шинэ татварын орчинг бүрдүүлэх хуулийн төсөл бэлэн болж байгаа бөгөөд удахгүй батлагдах аж. Дээрх хоёр бүсийн нэг нь Калининград мужийн Преголя голын сав нутагт 10 орчим км газар нутгийг эзлэх Октябрьский арал байх бол нөгөө нь одоогоор тодорхойгүй байна.
АНУ дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хориг арга хэмжээг зарласнаас хойш Оросын олон бизнес эрхлэгчид их хэмжээний мөнгөний алдагдалд орсон бөгөөд рублийн ханш унасан юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын удирдлагууд иргэдийг дээрх хоёр бүс нутаг руу татваргүй, хялбараар өөрсдийн хөрөнгийг татах орчныг бүрдүүлнэ гэжээ.
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр компаниуд гадаадаас олсон орлогоо татваргүйгээр Орос руу татах боломжтой бөгөөд дээрх бүс нутгийн оршин суугчид нь олон улсын бизнесийн компани гэх статус авах боломжтой хэмээжээ. Энэхүү статус нь аливаа компанийг өөрийн удирлага болон бусад мэдээллүүдийг ил болголгүйгээр нэг өдрийн дотор шууд бүртгүүлэх боломжтой болгоно гэсэн үг юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон гүйлгээнүүд уян хатан хууль, тогтоомжуудаар зохицуулагдана. Мөн оршин суугчид нь зөвхөн оросын газар нутагт олсон орлогоосоо татвар төлөх аж.
Эх сурвалж: occrp.org
URL: