Германы Ерөнхийлөгч сирийн зөрчлийг хамтдаа шийдэхийг Путин, Трамп хоёрт уриаллаа

171003125310-01-frank-walter-steinmeier-1003-exlarge-169-550x300Сирид хийсэн цэргийн цохилтын дараа Германы Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Арабын энэ орны зөрчлийн шийдлийг хамтдаа эрж хайхыг оросын болон америкийн тэргүүн Владимир Путин, Дональд Трамп нарт уриаллаа. “Их гүрнүүд том хариуцлага хүлээнэ. Энд эхний алхам хэрэгтэй, дэлхий дахинд хамаатай энэ алхмыг Путин, Трамп нар заавал хийх ёстой” гэсэн түүний үгийг ТАСС эш татав.

ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн бодлоор хэрвээ Вашингтон, Москва хоёр “Сирийн асуудлаар харилцан бие биедээ ойртох арга замыг эрж олохгүй бол” Сирийн нөхцөл байдал огт сайжрахгүй хэвээр байх ажээ.

“Бид өнөөдөр Орос-Германы харилцаан дахь хурцадмал байдлын шинэ түвшинд гарлаа” хэмээн тэрээр нэмж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ бямба гарагт НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя Сирид хийсэн цохилттой холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ АНУ, түүний холбоотнуудын бодлогыг олон улсын харилцаан дахь “танхайрал” гэж нэрлэсэн талаар Риа-Новости мэдээллээ.

“Бүх зүйл өмнөх бүдүүвч зургаар: өдөөн хатгалга, худал гүтгэлэг, буруу зэмлэл, шийтгэл. Олон улсын ажил хэргийг одоо та бүхэн ингэж явуулахыг хүсч байна гэж үү дээ?” хэмээн асуулт тавьсан юм. “Энэ бол танхайрал, тэгэхдээ цөмийн зэвсэг бүхий гол гүрнүүдийн асуудал ярьж байгаа болохоор энэ бол тийм жижигхэн ч танхайрал биш шүү” хэмээн Небензя онцолсон.

Оросын байнгын төлөөлөгч Америкийн талыг НҮБ-ын Дүрмийг үл тоосон, байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн нэр хүндийг гутаасан хэмээн буруутгасан байна.

Харин АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли Орос улс Сирид болж байгаа үйл явдлын баримтыг мушгин гуйвуулж байна, гэхдээ сирийн дэглэм дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Думад химийн зэвсэг хэрэглэсэн нотлох баримт байгаа хэмээн мэдэгджээ.

Д.ЭНХЭЭ 

ЗУУНЫ МЭДЭЭ

 


URL:

Сэтгэгдэл бичих