МАН-ын Өвгөчүүл Ерөнхий сайдыг шаналгаж, сонгуулийн хуулийг гацааж байна

Сонгуулийн хууль гацаанд орлоо
Өчигдөр төрийн ордонд сэтгүүлчдийн хүлээсэн зүйл нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал байлаа. Учир нь АН, МАН тус хурлаар сонгуулийн хуулийн зөрөөтэй саналаа нэгтгэх байв. Өглөөнөөс хойш тарсан хурлын зар үдээс хойш АН-ын бүлгийн хурлын зар болж хувирав. Цөөн гишүүдтэй болсон АН-ын бүлгийн хурлын дараа мэдээллийн албаны ажилтан “Ямар нэгэн асуудал хэлэлцээгүй. Гишүүд зүгээр л санал солилцсон” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.

Үнэн хэрэгтээ МАН-ын зүгээс тавьсан саналыг л хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргасан аж. АН сонгуулийн хуульд, тойрогт намаас нэр дэвшигч унавал, өөрийн хувь тэнцүүлсэн саналд багтан УИХ-д орж ирэх боломжтой гэж үзэж байна. Тэдний үзэж буйгаар тойрогт нэр дэвшсэн 48 гишүүн энэ эрхийг эдэлнэ. Харин МАН тойрогт нэр дэвшигч 48 иргэн намын авсан санлаар УИХ-д орж болох боловч цөөн тоотой байх санал дэвшүүлж байна. Эдгээр санал ямар ялгаатай вэ гэсэн асуулт гарна.

Намууд УИХ-ын сонгуульд нийт 76 нэр дэвшүүлнэ. Түүнээс 48 нь тойрогт биеэр нэр дэвшинэ. Мөн 28 нэр дэвшигчийг намын нэрээр хураасан саналаар УИХ-ын гишүүн болгоно. АН нийт сонгогчдын 51 хувийг авсан тохиолдолд 14 суудал намдаа авах эрхтэй болно. Тус намаас тойрогт нэр дэвшсэн 25 хүн ялалт байгуулахад л эрх баригч нам болно. Энэ нөхцөл бүх намд адил хадгалагдана. Гэхдээ МАН тойрогт өөрийн биеэр санал хураалгаад ялагдсан хүн, намын нэрээр авсан суудалд суух нь “хаалгаар хөөгдөөд гарсан хүн, тооноор ороод ирсэн”-тэй адил гэж үзэж байна.

Тиймээс тэд өөрийн нэрээр унасан нэр дэвшигч намын нэрээр УИХ-д шургалах нь буруу гэж үзэж байгаа аж. Гэхдээ энэ нь нэг их шударга ёсны онолоор тавиад байгаа санал биш. МАН олон жил УИХ-д суусан гишүүдээ тойргуудад баталгаатай дахин сонгогдоно гэжтооцож байгаа. Хоёр нам лидерүүдээ тойрогт нэр дэвшүүлнэ. МАН-ын тооцоогоор бол тойрогт нэр дэвшээд унасан нэр дэвшигч намын нэрээр хураасан саналаар УИХ-д орж ирэхгүй бол АН цөөнгүй лидер парламентийн гадна үлдэнэ. Харин АН “эзэн нь юм аа мэдэж, эрэг усаа хашна” гэдэг үзэл баримталж байна.

Иргэд хэдийгээр хувь хүнд санал өгнө гэдэг ч, мөн чанартаа хувь хүнийг нам нэр дэвшүүлж байгаа учраас тойрогт, намд өгсөн санал ялгаагүй намын санал гэж тооцогдоно. Сонгогчдын өгсөн саналд багтаан тухайн нам аль суудалд хэнийгээ суулгах эрхээ эдлэх ёстой гэж АН үзэж байна. Мөн УИХ гишүүн намын, нэрийн гэх мэтээр хуваагдах нь буруу. Тэгээд нэр дэвшигчид авсан саналынхаа тоогоор эрэмблэгдэх учиртай. Нэр дэвшигчдийг нам, биеэр эрэмбэлж болохгүй. Тиймээс өөрийн биеэр будэрсэн ч, намын нэрээр босч болно гэж үзэж байгаа бололтой юм.

Ерөнхий сайдын зовлон
Өнөөгийн Ерөнхий сайд С.Батболд 1937 оноос хойших хамгийн их зовлон үзэж байгаа Засгийн тэргүүн болж байна. Тэрээр сонгуулийн хуулийг муу гаргавал хоёр дахь удаагаа намын байраа шатаалгана. Намаа ялагдуулчихвал өөрийгөө шатаалгаснаас дор юм болно. Дээр нь арван жил харахаас өөрөөр халдаж чадахгүй байсан хоёр толгойг хөдөлгөөнд оруулсан өөрийн болон өрөөлийн намаас шүүмжлэлд өртөж байгаа. Гэнэт олдсон их мөнгийг нам, төрийн алинд ч хуваасан бас л буруудна. Намын нэр, дарга хоёроо алдаад, оронд Ичинноров, Лхагважав хоёрыг л олсон. Ирэх хаврын инфляци, сонгуулийн судалгаа гээд түүн шиг их зовлонтой хүн алга.

Дээр нь УИХ-д түүний нэр дэвшүүлэхгүй бүхэн МАН-ын бодит өрсөлдөгч болох МАХН-д ороход бэлэн байгаа. Ямар ч Ерөнхий сайдад ахадмаар эдгээр зовлонгийн үр үндэс нь сонгуулийн хууль. Түүний өнөөдөр хэлсэн үг бүхэн нь хожим түүхийн шүүхийн өмнө очно. Тиймээс тэр “Дуугаа хураахгүй бол таны хэлсэн бүхэн шүүх дээр таны эсрэг ашиглана” гэдэг америк цагдаагийн үгийг байнга санах хэрэгтэй болж байна. МАХН-ын дарга асан тухайн үедээ “Ямар ч үнээр хамаагүй намаа ялуулна” гэсэн нь өнөөдөр “Таван хүн буудаад, байшингаа шатаагаад ч хамаагүй ялалт байгуулна” гэсэн үг болж хувирсан. Америк цагдаа хүн баривчлахдаа ийм аюулыг л сануулдаг бололтой юм.

Аз жаргалтайгаар бизнес хөөж явсан хүн өнөөдөр гал ус хоёрыг нэг саванд хийх гэж тамаа цайж байгаа нь эндээс харагдана. Ерөнхий нарийн бичгийн хөгшчүүл нэр дэвшээд алдаа болно гэж ухуулна. УИХ дахь эрхэм гишууд бид л гарахгүй бол хэн ч гарахгүй гэж сүрдүүлнэ. Ерөнхий сайдыг гаднаас харахад нэг толгой харагдавч үнэн хэрэгтээ нэг өдөр хөгшчуулийн толгойгоор, дараах өдөр залуусын толгойгоор ажиллахаас өөр аргагүй болсон гэнэ. Тус намын лидерүүд сонгогчдын дундаж настай харьцуулахад арай л өндөр. Гэхдээ дэмжигчдийнх нь ихэнх нь өндөр настнууд. Харамсалтай нь тэд МАХН гэдэг нэрэнд намаасаа илүү хайртай.

Генсекийн тооцож буйгаар бол хөгшчүүд ихээр дэвшвэл залуусын саналыг алдана. Дээр нь хуучин сонгогчид хуучин нэрэнд багагүй санал өгнө. Тиймээс АН шиг хос морьтой нэр дэвшигчдийг төрүүлэх нь дээр. Ингэвэл нам хөгшчүүлд алдсан саналаа нэрээр хураасан саналаар нөхөх боломжтой. Харамсалтай генсек хөгшчүүлд ялагдаж байна. Намын хөгшин лидерууд “үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” гэсэн ухуулгыг Ерөнхий сайдын тархинд суулгаж чадав. Ийнхүү МАН-ын хөгшчүүл Ерөнхий сайдыг шаналгаж, сонгуулийн хуулийг гацааж байна.

Х.Баттөгс

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих