Францын ахлах сургуулийн хүүхдүүд хичээл хаяж байна
Өглөө гараад пижигнэж явтал гудамж зам хаагаад, цагдаагийн хамгаалалтууд давхилдаад бөөн юм болж байна. Энэ юу болоод байна гээд хэрэгт дурлатал дан залуучууд, хүүхдүүд жагсаал хийж харагдана. Улс амьтнаас сураглатал “Лицей сургуулийн сурагчид хичээл хаялт зарлаад, бужигнаад хэд хонож байна” гэнэ. Лицей гэдэг нь ахлах сургууль буюу мэргэжлээ сонгож, цааш хэрхэн ажиллаж амьдрахаа шийдэж яваа хүүхдүүд.
“Би одоо энэ мэдээллийн хаагуур явсан юм. Нөгөө лицейд сурч байгаа хүүхэд өглөө болгон л хичээлдээ явлаа гээд гардаг. Яагаад юу ч хэлдэггүй юм. Юунд оролцоод, юу түйвээгээд явна аа?” гэж гайхаад охин руугаа утас цохиод учрыг асуув аа. Тэгсэн их дээд сургуульд элсэх босгыг жирийн потенциальтай хүүхдийн чадавхиас давсан өндөр шалгууртай болгох хууль яригдаж байгаа учраас энгийн үзүүлэлттэй хүүхдүүдээ дэмжиж “Хүн бүрт шат ахих боломж нээлттэй байх ёстой. Гэтэл хэдхэн оноогоор үндэслэн маш олон залуучуудын хүсэл сонирхлоороо сурах боломжийг хааж байгаа энэ өөрчлөлтийг Франц орон даяарх лицей сургуулийн сурагчид эсэргүүцэж байгаа нь энэ” гэнэ. Яг одоо лицей сургуулийн хүүхдүүд бакалаврын маш том шалгалтуудаа өгч, нойр хоолгүй шахам бэлдэж явцгаадаг тун ноцтой үе нь. Гэтэл тэд ямар том зориг гарган хичээл хаяж, цаг минутаар цуглуулах ёстой оноонуудаа алдах эрсдлийг хийнэ вэ?
Наанаа инээж ирмэж, найрсагхан нахилзаж явдаг энэ францчууд нэг босохоороо пирхийтэл ташраараа дуу нэгтэй босох юм аа. Атаархмаар ч юм шиг. Цагдаа нар нь босогчдод явах зам нээж өгч, замын хөдөлгөөнийг эвтэйхэн хааж бариад, бас тэрүүхэнд нь хамгаалаад зохицуулаад өгөх юм.
Гэтэл манай нөгөө тусгай 29-р сургуулийн сурагчдыг ганц удаа эсэргүүцэл зарлахад жирийн хүүхэд залуус нь дэмжсэн бил үү?
Дээр дооргүй загнаж хавчсаар байгаад тэгсгээд замхруулаад намжаасан санагдана. Харин францчууд хүүхдүүдийнхээ энэ эсэргүүцлийг маш зөв зүйтэй тэмцэл гээд ихэд дэмжиж байгаа тухай сая ТВ-үүдээр эцэг, эхчүүдийн ярьсан ярианаас ойлгов.
Харамсалтай нь орон даяар тэмцэж байгаа энэ эсэргүүцэлд манай охины сургууль л оролцохгүй байгаа гэнэ. Яагаад гэвэл угаасаа энэ лицейд элсэж орох босго нь их өндөр, шилэгдмэл сурлагатай, голцуу уугуул францчуудын хүүхдүүд суралцдаг, багш нар нь ч хуучинсаг яхир хүмүүс байдаг тул төрөөс авч байгаа шинэ бодлогыг далдуур дэмжиж байгаагаа илэрхийлж үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж.
-Өчигдөр гэхдээ манай сургуулийн гадаа өөр сургуулиудын жагсагч хүүхдүүд ирээд цонхон доор орилж чарлаад, бид нарыг дуудаад бөөн юм болсон. Тэгэнгүүт манай сургуулийн хүүхдүүд ч бас тэд нартай нэгдэх ёстой, дэмжих ёстой гээд гарах гэсэн чинь багш нар хаалга түгжчихээд гаргахгүй байсан. Гадаа хүүхдүүд орилолдоод, бид нар дотор орилолдоод, багш нар дунд нь орилолдоод бөөн хошин шог. Тэгж тэгж багш нар бууж өгөөд арай гэж хаалга онгойж манай сургуулийн хүүхдүүд гарч жагсагчидтай нийлсэн. Хоёр талаас хонь хурга нийлж байгаа юм шиг бөөн л орилолдоон болж уулзацгаасан гэж охиноо ярихыг сонсоод баахан инээв.
Хүүхдүүд хүртэл бие биенээ дэмжиж, хоорондоо үзэл бодлоор ийнхүү нэгдчихэж байгаа нь үнэхээр суралцууштай эв нэгдэл ажээ. Атаархмаар ч юм шиг.
Bolor-Erdene KhCh
URL: