МАШИН АЧИЛТ СМАРТ ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ
Зогсоол олдохгүйгээс хаа нэгтээ машинаа түр байрлуулаад хэдхэн хором болоод гарч ирэхэд машиныг нь хэдийнэ ачаад явсан байдаг. Утасны дугаар байхад залгаад авахгүй байсан бол өөр хэрэг. Бас цагаан хоолойгоороо зарлаж мэдэгдсэн бол гомдол байхгүй. Энэ хоёр аргын алийг нь ч хэрэглэдэггүй учраас машин ачдаг компаний үйл ажиллагааг хулгайч нартай дүйцүүлэх нь зүйн хэрэг. Бүр үзэн ядаж, машинаа журмын хашаанаас авахаар очсон жолооч нар компаний ажилчдыг үзэн ядсандаа хэл үгээр доромжлох нь бий.
Энэ үйлдэл зөв эсэх талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.
-Нийслэлд машин ачдаг хэдэн компани байдаг вэ. Тэдэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь хэрхэн олгодог вэ?
-Нийслэлийн зургаан дүүрэгт замын хөдөлгөөн хааж, дүрэм зөрчсөн машиныг ачиж, тээвэрлэдэг 17 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Ачилтын компанийг татан буулгаач гэсэн хүсэлт манайд байнга ирдэг. Тэдний үйл ажиллагааг зогсоовол жолооч нарын дүрэм зөрчилт ихэснэ. Жолооч нар дүрэм зөрчихгүй байвал ачилт хийх, ачилтын компани байх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчилт зогсохгүй байгаа тул ийм компанийн үйл ажиллагаа ч зогсохгүй байгаа юм. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь холбогдох журмын дагуу олгодог.
-Нийслэлд өдөрт хэдэн машин ачигддаг вэ?
-Харьцангуй бага машин ачигддаг. Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 550 мянган автомашин бий. Тэр хэрээр замын ачаалал өндөр байдаг. Замын цагдаа нар ч ачаалалтай ажилладаг.
-Ачилт хийхэд нэг машинаас хэдэн төгрөг авдаг вэ?
-НИТХ-ын тогтоолоор нэг машинаас 60 мянган төгрөг авдаг. Үүгээр ачилтын компани ажилчдынхаа цалинг өгч, журмын хашааныхаа түрээсийг төлдөг. Өдөрт цөөн машин ачдаг болохоор ачилтын компаний эдийн засаг хүндэрч эхнээсээ үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа.
-Замын цагдаагийн тусгай тэмдэглэгээ наасан машин, наалт наагаагүй машиныг ч ачиж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Иргэдийн дунд гардаг маргаантай асуудлын нэг нь энэ. НИТХ-ын тогтоолд наалт наасан машиныг ачна гэсэн байдаг ч наагаагүй машиныг ачиж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Энэ нь бидний санаачлан хийсэн ажил. Энэ асуудлыг 100 хувь өөрсдийн хяналт дор хийхийн тулд смарт хэлбэр рүү шилжүүлж байгаа. Ингэснээр “Е” баримтаа төлсөн эсэхийг хянаж, ачилтын компани хууль бус ачилт хийж байгаа эсэхийг Автозамын хөгжлийн газар, Замын цагдаа, татвар зэрэг газар хянах боломжтой. Ачилтын компани ямар нэгэн зөрчил гаргаж, буруу үйлдэл хийх юм бол эрхийг нь шууд цуцлах тухай тусгасан.
-Смарт хэлбэр рүү шилжсэнээр иргэдэд ямар давуу тал бий болох вэ?
-Бид энэ смарт руу маш богино хугацаанд шилжихээр төлөвлөсөн. Смарт хэлбэрт шилжсэнээр тухайн ачилтын компани видео бичлэг хийнэ. Тэр бичлэг Замын цагдаад шууд очно. Замын цагдаа видео үзээд зөрчил байвал ачих зөвшөөрөл олгох юм. Хэрэв иргэн машинаа ачуулсандаа гомдолтой байвал видео бичлэгийг мэдээлэл дээр үндэслэн гар утаснаасаа үзэх, хянах боломж бүрдэнэ.
URL: