МОНГОЛ ТҮМЭН Ж.МӨНХБАТ АВАРГАА СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

p1cauc27l8m4tmoi16tb1vdjf133Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр 2018 оны 4  дүгээр сарын 13-ны өдөр нийслэл цасан цагаан хот болж, тэнгэрээс цас хаялан өнгө зассан байна. Энэ өдөр Монгол түмний бахархал болсон Энгүй их хүчтэн , Дархан аварга Жигжидийн Мөнхбатыг  Спортын төв ордноос бурханы оронд үдэн гаргав.

Энэ эрхэм хүндтэй хүний араас байгаль дэлхий хүртэл эмгэнэн гашуудаж дөрөвдүгээр сард их цас хур хайрлан хангай тэнгэрээ аргадав уу гэлтэй.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатыг монгол хүн бүхэн эмгэнэн гашуудаж, их аваргаа дурсан төрийн хүндэт харуулын дор хүндэтгэн сүүлчийн замд нь үдлээ. Түүний шарилыг Алтан-Өлгийд заллаа.

Сүүлчийн замд үдэх ёслолд Ж.Мөнхбатын хүү, Японы сумо бөхийн Их аварга М.Даваажаргал, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэллээ. Дархан аварга, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Таны тооцоотой нягт барилдаан, хөдөлмөрч тууштай зан чанар, аатай омголон дүр төрх бидний зүрх сэтгэлд хоногшин үлдлээ. Та эх орныхоо алтан хөрс шороонд амгалан нойрс доо” гэв.

Монгол бөхийн тэргүүн магнай байсан Их аваргаа монгол түмэн энэ өдрүүдэд түүний гэр бүл, бөхийн хамт олон, хамтран зүтгэгч, ах дүүс, найз нөхөд нь эмгэнэн гашуудаж байна. Түүний нэгэн үеийн их хүчтэн, анд нөхөр, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй Монгол Улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начин тэргүүтэй бөхчүүдийн төлөөлөл Их аваргадаа мэхийн ёсолж, их хүндэтгэл үзүүллээ.

Ж.Мөнхбат 1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж, 1958 оноос үндэсний бөхийн барилдаанаар спортын гараагаа эхэлж, улмаар 1961 онд Монголын бүх ард түмний спартакиадад түрүүлж улсын заан, 1963 оны улсын наадамд 9 даван түрүүлж улсын арслан, 1963-1967 онуудад завсаргүй 5 удаа Улсын баяр наадамд түрүүлсэн. Мөн 1974 оны Улсын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цолыг хүртжээ.

Мөн 1972, 1975, 1978, 1980 онд Улсын баяр наадамд үзүүрлэн, 1961, 1971-1975, 1977, 1979, 1980, 1981, 1983-1985,1994 онуудад таваас дээш давж нийт 22 удаа шөвгөрсөн эгэлгүй үнэн хүчтэн байлаа. Ж.Мөнхбат нь 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа улам нэмэх, олныг баясуулагч, батнягт, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, өнөд баясгалант, бүхнээ дуурсгалт, манлайн баясгалант, үлэмж бадрах, тод сонин үзэсгэлэнт, бат нягт итгэлт, өнөд түвшин, хотлоор баясгагч, далай дайчин, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга цол, чимгүүдийг хүртсэн юм.

Тэрбээр чөлөөт бөхийн спортоор 1960-аад оноос хичээллэж, Улсын шигшээ багийн анхны гишүүн, “Токио-1964”, “Мехико-1968”, “Монреал-1972” зуны олимпийн наадамд оролцож, “Дели-1967” ДАШТ-ээс анхны хүрэл медаль, “Мехико-1968” зуны олимпийн XIX наадмаас анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан анхдагч билээ.  1972 онд Улаанбаатарт болсон Ази тивийн анхны АШТ-ээс алтан медаль, “Тегеран-1974” Азийн наадмаас сонгомол бөхөөр хүрэл, “Дан Колов”, “Вахтанг Балавадзе”, “Зеелинбендир”, Найрамдалт армиудын олон улсын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль, 1965, 1966, 1967, 1969, 1973, 1974 оны Монгол Улсын аваргын алтан медалийг тус тус хүртэж байв.

Энэ бүх амжилтаараа чөлөөт бөхийн төрлөөр эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсган Монгол түмний бахархал хүү нь байсан бөгөөд одоо ч байгаа билээ. Дэлхийн бөхийн хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг Олон улсын олимпийн хороо өндрөөр үнэлж, “IOC TROPHY” цомын шагналаа олгосон юм. Ж.Мөнхбат нь1990-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан төр нийгмийн зүтгэлтэн юм. Ж.Мөнхбат нь үндэсний болон чөлөөт бөхийн залгамж халааг бэлтгэх, үндэсний ёс заншлыг дээдлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч төдийгүй түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, ард түмний хайртай хүү байсан.

Тэрбээр Монгол Улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Биеийн тамир, спортын улсын хорооны Санхүү, хангамжийн хэлтсийн даргын албыг нэр төртэй хашиж байлаа. Мөн “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэн, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан ажилсаг, хөдөлмөрч, үлгэрлэн манлайлагч байв.

Түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цол хүртээж, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнажээ.

Талийгаачийн эх орноо гэсэн чин халуун сэтгэл, хөдөлмөрч, уйгагүй, бардам, нөхөрсөг зан чанар, үндэсний бөх болон их спортод үзүүлсэн агуу амжилт бүхэн нь монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үеийн үед дурсагдах болно.


URL:

Сэтгэгдэл бичих