О.Алтансүх даргаа, анхаарлын гадна байгаадаа баярлах хэрэггүй

15234256835acda193ee0eaИ.Сталин нэгэнтээ “Алдаа дутагдал бүхэн овог нэртэй байх ёстой” хэмээсэн байдаг. Яг энэ өнцгөөс харах юм бол бид нэг юмыг ойлгох цаг нь болжээ. Аливаа хэрэг явдал гарахаар хариуцсан хүнийг биш харин нам, бүлэг зааж улстөрждөг байдал хавтгайрлаа. Үр дүнд өнөөх хариуцсан ажилдаа эзэн болдоггүй, авлига хүнд сурталд автсан албан тушаалтан зэмгүй өнгөрдөг. Тийм болохоор одоо нэг хүнийг танилцуулья. Тэр бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх. Өнөөгийн гэр бүлийн хүчирхийлэл хавтгайрсан, хүүхдийн эсрэг гэмт хэргийн дуулиан ар араасаа гарсан, залуусын дунд архи, мансууруулах бодисны хэрэглээ хээрийн түймэр шиг дэгдэж байгаа үед хамгийн олны танил байх ёстой хүний нэг мөн. Гэхдээ ихэнх хүн мэддэггүй болохоор танилцуулах нь зөв байх.

Өнгөрсөн сард “Дүнжингарав” өвлийн морин уралдаан болсон. Үүний буруу уяачдын холбоо, төр засаг, уяачид гэх ерөнхий зүйлс рүү шингээд өнгөрсөн нь харамсалтай. Хэрэв энэ хэвээрээ байдал алдаа дутагдал засрахгүй билээ. Хурдан морины өвлийн уралдааныг Олон улсын хүний эрхийн байгууллагууд, манай хүүхдийн төлөө ТББ-ууд өчнөөн жил шүүмжилж байна. Үр дүнд энэ жилийн өвлийн уралдаанд 12-оос дээш насны хүүхдүүд уралдуулах талаар Засгийн газрын нэгдүгээр сарын 19-ны хуралдаанаас тогтоол гаргахаар шийдвэрлэсэн байдаг. Өвлийн уралдааныг хориглохгүй гэсэндээ 12 нас гэдгийг заагаад заль гаргаад тойрчихсон асуудал л даа. Мөн дээр нь тус хуралдаанаар хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хурдан морины эзэн, уяач нарын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор Унаач хүүхдийн ослын даатгалын талаарх эрхзүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээ авахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхэд даалгасан юм. Өнөөдөр энэ хоёр шийдвэрийн аль аль нь хэрэгжээгүй л байж байна.

Хэрэгжээгүйгээр барахгүй өнгөрсөн өвлийн уралдаан тун ч эмзэглэмээр байдалтай болж өнгөрлөө. Түнэр шөнөөр тусгай тэжээгдсэн, тэжээл шахуулсан галзуу адгуусны нуруун дээр хүний балчир үрсийг суулгаад уралдуулчихсан. Үүнийг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан хараад л зогсож байж. Уяачдын холбооныхны хэлж буйгаар бол 12 нас хүрсэн эсэхийг нь хэмжих гэсээр орой болчихсон юм гэнэ билээ. Гуравдугаар сарын 18-нд болох уралдааны зар гадуур гуравдугаар сарын 1-н гэхэд тарчихсан байлаа. Наанадаж хоёр өдрийн өмнө хүүхдүүдийг нь шалгана гээд уяачдыг цуглуулчихаж болох л байсан.

 “Дүнжингарав 2018” уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж бэртэж, гурав нь хүнд бэртсэн. Хамгийн хүнд бэртсэн хүүхэд нь 11 настай. Тэдний ихэнх нь машин мөргөж унасан байгаа юм. Өвлийн хөлдүү газар дээр уралдааны морь унасан хүүхэд, техникт шахагдаад шөнө давхиж явна гээд төсөөлье л дөө. Ийм аймшгийн явдал болгуулахгүй л гэж Гэр бүл, хүүхдийн газар байдаг юм байгаа биз дээ. Гэтэл үүнийг нь өөгшүүлээд, очиж өдөржин хүүхдүүдийн насыг тулгаад шөнө нь насанд тохирохгүй хүүхдүүд уралдуулсныг юу гэж ойлгох хэрэг вэ. Халхгар дээлтэй, хурдан морьтой, халхын баячуудын аяыг дагах биш хаягдсан, өнчирсөн, халамж дутсан, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг хамгаал гэж ийм газар байдаг байж таарна. Зүгээр хар ухаанаар бодоход энэ газрын дарга гэдэг морин уралдааныг сунжруулж шөнө дүл хүргэчихээд 12 хүрээгүй хүүхдүүдийг уралдахыг зөвшөөрөх биш харин улаан голоо тасартал эсэргүүцэж байх ёстой албан тушаал. Орон нутагтаа намын хороонд ажилласан, УИХ-ын гишүүний шадар туслах явсны хариу албан тушаал лав биш гэж ойлгож байгаа.

Өнөөгийн УИХ-д түүхэндээ байгаагүй олон буюу 13 эмэгтэй гишүүд байна, хүүхдийн төлөө байгууллагууд, хүүхэд гэмт халдлага, хүчирхийлэлд өртөхөд эмзэглэдэг ард түмэн байна. Ийм байхад ядахнаа ганц хууль санаачлаад зүтгүүлэхгүй, үгүй ядаж өвлийн уралдааныг ч эсэргүүцээд ганц чанга хоолойгоо засчихаж чадахгүй хүн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг даргалаад сууж байгаа нь ч ойлгомжгүй зүйл. Ганцхан хүүхэд гэсэн чиглэлийг нь л хөндөхөд шүү дээ. Цаана нь гэр бүл, залуучууд гээд явбал аймаар юм зөндөө бий. Хамгийн гол энэ өвлийн уралдаан шөнөөр болоод өнгөрлөө. Үүнийг нь зохион байгуулалтад Засгийн газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар оролцохдоо шөнө уралдахыг нь зөвшөөрсөн байна. Ирэх жил дахиад уралдаан болбол энэ газар ийм хэвээрээ л байсаар байх уу гэдэг нь юм.

http://www.imedee.mn/read/237379dg


URL:

Сэтгэгдэл бичих