О.Даваасүрэн шинжээчийн дэлгэсэн ноцтой баримтууд
Хүчингийн хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой эд мөрийн баримтад анхны шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний шинжээч О.Даваасүрэн хэвлэлд ярьсан нь олны анхаарлын төвд байна. Түүний Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон хууль хяналтын байгууллагуудын талаар дэлгэсэн ноцтой мэдэгдэлүүд юу байв.
-Шинжилгээ буюу Наранзаяатай холбоотой хэргийн тухайд шинжээч эмчээс надад хохирогчийн биед үзлэг хийж авсан үтрээний арчдас, ор хөнжлийн даавуу, дотоож гурав 2017 оны зургадугаар сарын 14-нд ирсэн. Тэгээд маргааш өглөө нь шинжилгээнийхээ дүгнэлтүүдийг бичээд, илгээх хуудасаа бэлдэж байтал “Өнөөдөрөөр тасалбар болгоод О.Даваасүрэнд хүүхэд асрах чөлөө олгосугай” гэсэн тушаал ирсэн учраас ажиллах эрхгүй болсон. Гэтэл даваа гаригт ээлжийн амралтаа авсан байсан биологийн ахлах шинжээч Оюунааг ШШҮХ-ийн Шинжилгээ хариуцсан захирал Ц.Гантулга яаралтай ир гэж дуудуулаад жолоочоороо лагер дээрээс нь авчруулсан байдаг.
-Оюунаа шинжээчээр миний хийсэн бүх шинжилгээнд дахиж шинжилгээ хийлгэсэн. Тэгээд шинжээч Бямбаагаас зөрж “Эр бэлгийн эс байхгүй” гэсэн хуурамч дүгнэлт гаргасан.
-ШШҮХ-ийн Ц.Гантулга захирал, Бүртгэл мэдээллийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Мөнхбат хоёр хохирогч Наранзаяагийн дотоож, өр хөнжлийн даавууг хайсаар байгаад олоод хоёр дахь шатны мөрдөнд шилжүүлсэн. Мөрдөнд эд мөрийн баримтыг авч явж угаачихаад хоёр цагийн дараа нойтноор нь авчирч хүлээлгэн өгсөн цаг, гарын үсэгтэйгээ байдаг. Нойтон, даавуу дотоожийг нормын өрөөнд оруулж хатаасныг хүмүүс хэлдэг.
-Дотоод журмын дагуу даавуу болон дотоожоос хайчилж аваад архивт өгсөн ч алга болчихсон. Хэн авсныг одоо болтол тогтоож чадаагүй. Гэтэл даавууны өөдөс хохирогч нарт оччихсон байсан.
-Шинжилгээний дүгнэлтээ бичсэн бичсэн миний бор дэвтрийг хэн нэгэн намайг зуслан руу яваад ирэх хооронд хулгайлсан нь олдоогүй. Мөн шинжээч эмчийн хүлээн авсан үнэн зөв дүгнэлт алга болчихсон. Үүнтэй холбоотойгоор Золжаргал эмчид эрүү үүсгэн шалгаж байгаа.
-Хохирогч Наранзаяагийн биед анхны үзлэг хийсэн Энхтайван эмч хахууль авсан АТГ-т илчлэгдсэн юм билээ. АТГ-аас авлига авсан хэргийг чинь хаая, чи Д.Гантулгын бандаашийн талаар юу ч хэлэхгүй шүү гэж тохирсон гэж нэг хүн надад хэлсэн.
-Намайг ажлаа хүлээлцэхээр зургадугаар сарын 20-нд ирэхэд миний ширээн дээрх бүх зүйл байгаагүй. Гэтэл Ц.Гантулга захирал, Түвшин-Эрдэнэ хоёр бүгдийг нь хамаад явсан гэж хэлсэн. Тэгээд миний дүгнэлтийн он сарыг өөрчлүүлээд “Чи одоо эндээс бушуухан яв. Нэг сар битгий утасаа асаагаарай” гэж хөөсөн.
-Зургаан хуудастай журналын 19-ний өдрийн хуудасны доогуур зураас татуулаад Наранзаяагийн шинжилгээний мазок, тампон, үтрээний арчдас, наалдацыг бүгдийг хасах болгож өөрчилж бүх эд мөрийн баримтыг балласан.
-АТГ шинжилгээний обьект болсон даавуу, дотоожийг угаасан ноцтой зүйлийг шалгахгүй мөртлөө даавууны дээж яагаад хохирогчид очсон юм бэ гэдгийг л дахин дахин асуудаг. Энэ хэргийг хэрэгсэхгүй болговол би олон нийтэд үнэнийг дэлгэнэ.
-Ажилтнуудын байрны найран дээр Ц.Гантулга захирал ДНК шинжилгээ хийсэн Ганболд руу “Чиний тэр ДНК юу юм. Эцсийн эцэст бид нар л ялна. Хуулийг бид атгаж байна” гэж хэлсэн.
-Д.Гантулгын эр бэлгийн эс мөн гэдгийг ШШҮХ-д ДНК-ийн шинжилгээгээр тогтоосон.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: