АТГ-ын дарга аа, оффшор данстнуудыг хэргийг нууцлах шалтгаан юу байв
АТГ-аас өчигдөрхөн “Эрүүгийн хэрэг дэх эрхзүйн харилцан туслалцаа, хамтын ажиллагаа” нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Харин энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Оффшор бүсээс хөрөнгөө татах хугацаа өнгөрсөн. Тиймээс нэр бүхий хүмүүсийг оффшорын эсрэг хуулийн дагуу шийтгэнэ” гэсэн билээ.
Гэхдээ дөрөвдүгээр сарын 6-наас өмнө дөрвөн хүн оффшор дахь хөрөнгийнхөө мэдүүлгийг өгсөн гэдгийг тэрбээр онцолсон. Харин үлдсэн хүмүүсийг хэрхэхийг НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулиар шийдэх юм байна.
Тэгвэл уг хуульд оффшорын тухай асуудлуудыг хэрхэн багтааж, зохицуулахаар заасан бэ. Ямартай ч хуулийн 10.1-д “Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно” гэж заажээ. Гэвч өнгөрсөн оны дундуур манай улсын нэр бүхий, төрийн албан тушаал хашиж буй 49 хүн оффшор данстай гэсэн мэдээлэл тархаж байсан ч энэ оны эхээр 29 болж буурсан. Өөрөөр хэлбэл, АТГ-аас 29 хүнийг дээрх асуудлаар шалгаж байгаа гэж байсан.
Харин одоо 29 ч биш, ер нь яг хэчнээн хүнийг шалгаж байгаа нь тодорхойгүй болж хувирсныг АТГ-ын газрын даргын ярианаас мэдэж болно. Тэрбээр энэ хэргээр олон хүнийг шалгаж байгаа гэснээс өөр тоймтой тоо хэлээгүй. Тэгэхээр олон нийтийн зүгээс таамаг дэвшүүлээд байсан хүмүүсийн нэр өнөө маргаашгүй АТГ-аас мэдэгдэх албан мэдээлэл дунд байх нь уу, үгүй юү гэдэг нь сонирхол татаж байна.
Гэхдээ оффшор дансыг мэдүүлээгүй хүмүүст өгөх шийтгэл нь тун энгийн. Тодруулбал, мөн хуулийн 29.2.4-т.”Энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэдгээр л шийтгэл хязгаарлагдах бололтой.
Мэдээж үүн дээр мөнөөх оффшор дахь хөрөнгийн эх үүсвэрийг нотлох шаардлага урган гарах байх. Үүнийг дагаад үндэслэлгүй хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн, улсын мөнгө шамшигдуулсан гээд олон асуудал үүснэ. Гэвч хагас жилийн өмнө л туйлын илэрхий байсан оффшор данстануудын жагсаалт одоо яагаад нууцлагдах ёстой материалын тоонд оров. Нууцын жагсаалтаас албан тушаалтнуудын нэрийг сугалахгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ, АТГ-ын дарга аа.
Erennews.mn
URL: