Мөрдөн байцаагчид улс төрждөг үү
Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь шадар туслахаар нь ажиллаж байсан Б.Тулгыг үндэслэлгүйгээр баривчилсан хэмээн “Шударга ёс” хуульчдын эвслийнхэн жагсаж байсан билээ. Ингэхдээ тэд Б.Тулгыг баривчилсан мөрдөн байцаагч Р.Отгонжаргалыг Авлигатай тэмцэх газар болон Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан шалгах хэрэгтэй гэдэг асуудлыг тавьж, шаардлага хургүүлсэн.
Тэд мөрдөн байцаагч Р.Отгонжаргал анх хуучин Хэвлэх үйлдвэртэй холбоотой хэрэгт иргэн Л.Сэргэлэнг сэжигтнээр тогтоон шалгаж байсныг олж мэджээ.
Өөрөөр хэлбэл Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Л.Сэргэлэнд холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан аж. Харин Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөсөө буумагц энэ хэрэг алга урвуулахын дайтай өөрчлөгджээ. Энэ нь Л.Сэргэлэнд сохорсон биш завшив гэгчийн үлгэр болсон аж. Яллагдагчаар татагдаж юу юугүй “аав”-ын хаалга татах дөхсөн Л.Сэргэлэн сүүл рүүгээ хохирогч гэсэн нэр зүгээд мөрдөн байцаагчийн өрөөгөөр сүүтгэнэх болсон байна.
Ингэсээр байгаад Улаанбаатар хотоос хохирол болох 493 сая төгрөгийг гаргуулж аваад арилаад өгчээ. Улаанбаатар хот төсвөөс хохирлын гэх тодотголтой энэ их мөнгийг Л.Сэргэлэнд гаргаж өгсөн нь ч асуудал болоод байгаа.
Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн менежментийн багийн хөрөнгө оруулагч болж тэнд 500 орчим сая төгрөгөө зарцуулсан хэмээн ярьж явдаг Л.Сэргэлэн тухайн үед юунаас болж сэжигтнээр тогтоогдсон нь сонин. Юутай ч Н.Энхбаярын үед хэрэгтэн болохоо дөхөж Ерөнхийлөгчөөсөө буумагц нь хохирогч болсон үйл явдлын уялдаа холбоо нэг л авцалдахгүй байгаа юм. Мөн хөрөнгө оруулсан гэх мөнгийг Л.Сэргэлэн бусдаас залилж авсан гэдгийг зарим хүмүүс ярьдаг. Гэтэл энэ мөнгөний талаар Оросын ямар нэгэн банкнаас гомдол ирээгүй байдаг нь хачирхалтай. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр Л.Сэргэлэнгээс болж ажлаа хийж явсан нэгэн мөрдөн байцаагч “муу нэртэй” үлдээд байгаа. Муу нэртэй гэхээсээ илүү хууль сахиулж ажиллах мөрдөн байцаагч хуулиа зөрчиж ажилласан байж болох хардлага эндээс гарч буй юм. Үүнээс улбаалан “Р.Отгонжаргал Ерөнхийлөгч байхад нь Н.Энхбаярын хүссэнээр хэргийг шалгадаг байсан бол одоо Ц.Нямдоржийн зараалаар хуулийн байгууллага улстөржин хууль зөрчиж байна. Мөрдөн байцаагч улстөржиж байна” гэсэн мессэжийг олон нийтэд төрүүлээд буй явдал. Уг нь “Шударга ёс” хуульчдын эвслийнхэн дэлгэсэн болохоос биш мөн чанартаа ийм гоомой зүйл болох нь болжээ. Энд хэн буруутай вэ гэдэг асуулт ч тавигдаж эхэллээ. Р.Отгонжаргал гэдэг мөрдөн байцаагч ч олны анхаарлын төвд байна. Иймд түүний талаар нэхэн сурвалжиллаа.
Рэгжийбуугийн Отгонжаргал 1975 онд төрсөн. 1993 онд Чингэлтэй дүүргийн 72 дугаар дунд сургуулийг дүүргээд Цагдаагийн академи төгсчээ. Анх Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллах болжээ. Мөрдөн байцаагчаар 15 орчим жил ажиллаж байгаа юм байна. Тэрбээр одоо хошууч цолтой. Түүний ах Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн.Р.Нямдорж Улсын заан агсан Р.Давааням аж.
Дөрвөн ах, хоёр эгчтэй айлын бага хүү юм байна. Тэрбээр гэр бүл гурван хүүхдийн хамт амьдардаг. Сүүлийн арав гаруй жилд Монголд гарсан эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэх гол ажлуудад гар бие оролцжээ.Тухайлбал Хадгаламж зээлийн хоршоо, САПУ худалдааны төвийн болон сүлжээний бизнесийн хохирогчдын холбооныхны хэргийг нэрлэж болох юм. Одоо Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шалгах ажлын хэсэгт ажиллаж байгаа аж.
Д.ТЭЛМЭН
URL: