Тэргүүн хатагтай бол тухайн орны нүүр царай, удирдагчийг нь тольдох толины тусгал байдаг

19417

Аливаа орны тэргүүн хатагтай бол тухайн орны нүүр царай, бас улсын удирдагчийг нь тольдох толины тусгал мэт санагддаг.

Америкийн тэргүүн хатагтай байсан Мишел Обама нөхрийнхөө имидж дээр эерэг тэмдэг нэмж явдаг нэгэн.

Түүний эршүүд бөгөөд энгийн дүр төрх, мөн нийгмийн халамжийн чиглэлд хошуу дүрэх үйл хөдлөл нь олны талархлыг төрүүлээд зогсохгүй тэдгээр нь Ерөнхийлөгч Обамагийн нэр хүндийг өсгөхөд түлхэц болдог юм билээ.

Саяхан манайд айлчилсан Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн гэргий энгийн даруухан, эгэл нэгэн бололтой.

Тэрээр хүмүүнлэгийн ажилд түлхүү оролцдог, эелдэг ааш аальтай аж.

Японы тэргүүн хатагтай өөрийн гараар фэйсбүүк ажиллуулж, жирийн иргэдтэй харилцаж, тэдэнтэй санал сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцдаг юм билээ.

Өнөөдөр гэхэд Азийн эмэгтэйчүүдийн байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцсоноо тэмдэглэн бичиж, үйл явдлыг зурагжуулсан байна лээ.

Мэдээж Японы Ерөнхий сайдад хамгийн ойр хүн бол түүний эхнэр Абэ Акиэ. Заримдаа тэр нөхрөө хөөрхөөн гээчийн “явуулна”, бас бяцхоон “чадчихна”.

Тэр болгон бусдын үзэж харж чаддагүй Шинзо Абэгийн дүр төрхийг түүний фэйсбүүкээс олж мэдэж болхоор юм.

Тэд хөгжилтэй бас хоорондоо тун эвтэй эхнэр нөхөр болохыг тэндээс би олж харсан. Японы тэргүүн хатагтай Абэ Акиэгийн фэйсбүүкт тавигдсан хоёр зураг.

Эхний зураг нь Ерөнхий сайдыг өглөө гэрээсээ үдэж буй бололтой.

Энэ зурагны тайлбарыг “Унтаахай царайлчихаад…” гэжээ. Дараагийн зураганд “Манай нөхөр ч эелдэг шүү..” гэж хошигнож.

Өмнө нь би Абэ Акиэ хатагтайн Монголд айлчлаад буцаж явахдаа онгоцон дотор авсан “Монголоос буцаж байгаа манай нөхөр… ядарч дээ..” гэсэн тайлбартай зургийг фэйсбүүкийн хуудаснаа тавьж байсныг дашрамд дурдахад илүүдэхгүй байх.

Бусдыг дуурайх албагүй ч манай томчуудын эхнэрүүд эгэл олонтойгоо харьцдаг, хүн зоноос холдож хөндийрөхгүй яваасай гэж хүсдэг.

Албан тушаал бол түр зуурынх, ард түмэн бол мөнхөд оршдог билээ.

Purevsuren Sambuudorj

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1007005679453088&id=100004309960013


URL:

Сэтгэгдэл бичих