Монголын төр уучлалт гуйх ёстой гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хууль, уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлэг, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Мөн Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцдээ. Эхний асуудал болох хуульчийн эрх зүйн байдал, түүний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хуульчийн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч ярилцав.

Хуульчийн мэргэжлийн шалгалт, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хууль зүйн туслалцаа болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны чиг үүргийг хэрэгжүүлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь зөрчлийн талаарх маргааныг хянан шийдвэрлэх, хуульчид хариуцлага ногдуулах зэрэг харилцаанд зохицуулалт хийхийг гишүүд дэмжлээ.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан ард нийтийн санал асуулгын үед хууль бусаар нэгээс дээш удаа санал өгвөл, мөн Ерөнхийлөгч, УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед нэгээс дээш удаа санал өгөхийг оролдсон, ийм үйл ажиллагаанд татан оролцуулсан нөхцөлд гурваас дээш хугацаагаар баривчлан саатуулах. Мөн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан, будилаантуулсан төрийн албан тушаалтан, төрийн өмчийн оролцоотой компанид ажиллаж байгаа алба тушаалтныг албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ гэж зааж өгсөн байна. Энэхүү төслийг гишүүд хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Хууль зүйн байнгын хорооны хэлэлцсэн асуудлуудын хамгийн чухал нь Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл байлаа. 2008 оны долдугаар сарын нэгний өдөр болсон үйл явдал дээр хийсэн дүгнэлттэй холбогдуулан хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг улам боловсронгуй болгох, гарсан зөрчлийг арилгах үүднээс ХЭҮК-аас санал зөвлөмжийг гаргасан билээ.

Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд дээрх санал зөвлөмжийг тусгасан бөгөөд эрхэм гишүүдийн анхаарлыг татаж байсан зүйл нь ХЭҮК-ын 2008 оны илтгэлд дурьдсан Төрийн хууль бус халдлагад өртөж, ойр дотны хүнийхээ амь насаар хохирч, хагацал үзсэн хохирогчдоос Монгол Улсын Ерөнхийлөгч уучлалт гуйх тухай заалт байлаа.

Зарим гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх рүү ингэж халдах нь зохимжтой эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Харин ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжингийн тайлбарласнаар Төрийн нэрийн өмнөөс уучлал гуйх тухай асуудлаар Хууль зүйн байнгын хорооны даалгавраар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцсан юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн, мөн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд төрийн нэрийн өмнөөс уучлал гуйхад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн аж. Ингээд нэр бүхий гишүүдийн өргөн барьсан дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг байнгын хорооны гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих