Газрыг ҮНЭЭР худалдахгүй
Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй. Газар өмчлөлийн хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд хуулийн хугацааг гурван удаа сунгасан. Хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусгавар болж буй юм. Тиймээс иргэд газрыг үнээр худалдаж авна гэсэн ташаа мэдээлэлд автан хугацаанд шахагдан дүүргүүдийн Газрын албанд оочирлон цаг заваа гарздах, зохиомол ачаалал үүсгэх болжээ.
Нийслэлийн газрын албанаас газар өмчлөлийн хуулийг хугацаагүй болгохоор хуулийн төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн байна. Энэ тухай Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар “Газар өмчлөлийн хууль хэрэгжилтийн хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусч байгаатай холбогдуулан газрыг үнээр худалдах тухай ташаа мэдээлэл иргэдийн дунд тархаад байна. Засгийн газрын тогтоолоор нэг өрхийн 700 метр квадрат хэмжээтэй газрын суурь үнэлгээ нь 9 сая 240 мянган төгрөг байдаг. Үүнийг иргэд үнээр авна гэж буруу ойлгоод байна. Газар өмчлөлийн хуулийн хугацааг сунгах эсхүл хугацаагүй болгох үзэл баримтлалыг газар зохион байгуулалт, геодез зураг зүйн газарт хүргүүлээд тэндээс Засгийн газарт хүргүүлсэн байгаа” гэдэг мэдээллийг өглөө.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас иргэд хуулийн хугацаа дуусах жилд гээд ашигтай ашиггүйгээр газар өмчилж авах тохиолдол бий. Тиймээс газар өмчлөх эрхийг нь иргэдэд нээлттэй орхих нь зөв гэж үзэн газар өмчлөлийн хуулийн хэрэгжилтийг хугацаагүй болгох хуулийн төсөл боловсруулсан аж.
Газар өмчлөлийн хуулийн хугацаа дуусгавар болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн газрын албанаас гуравдугаар сарын 1-нээс ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл газар өмчлөх аяныг эрчимжүүлж дүүргүүдийн газрын албад энэ сарыг дуустал ажлын өдрөөс гадна бямба гарагийн амралтын өдрөөр иргэдэд үйлчилж байгаа. Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой болж байна. Мөн газрын албадын ажилчид пүрэв гарагт гадуур ажилтай байдаг тул иргэдэд үйлчилдэггүй байснаа больж, долоо хоногийн зургаан өдөр бүрэн ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн 13 мянга гаруй нэгж талбар, суурьшлын бүсэд асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж буй гэнэ.
Гэр бүлийн хэрэгцээний газрыг нэг удаа үнэгүй өмчилж авахын тулд:
Тухайн суурьшлын бүсэд газар эзэмших эрхийн гэрчилгээ, өрхийн маягт, кадастрын зураг, хорооны маягт зэрэг материалыг бүрдүүлж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүргүүлэх боломжтой.
Мөн http://www.gazar.ub.gov.mn/ вэбсайтаас тодорхой мэдээллийг хүлээж авах боломжтой юм байна.
Улаанбаатар хотын нэг сая 300 мянган иргэнээс Нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар 192 мянган иргэнд 10 мянга гаруй га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлжээ. Мөн 2008 онд Газар өмчлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулж иргэн бүрт газар өмчлүүлэх болсонтой холбогдуулан орон нутагт газар өмчлөх хүсэлтэй 40 мянган иргэн Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй гэсэн лавлагаа мэдээлэл бий.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 5, Баянзүрх дүүргийн 54 иргэнд, Сүхбаатар дүүргийн 40 иргэнд,Чингэлтэй дүүргийн 59 иргэнд, Хан-Уул дүүргийн 63 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 366 иргэнд, Налайх дүүргийн 14 иргэнд, Багануур дүүргийн 18 иргэнд, Багахангай дүүргийн 16 иргэнд нийт 625 иргэнд 3,4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлжээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 244 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж өгчээ.
2015-2016 онд цахим өмчлөлийн сонгон шалгаруулалтаар 70 мянга гаруй иргэнд нэг удаа газар үнэгүй өмчлүүлсэн байдаг. Гэвч тухайн газарт дэд бүтэц хөгжөөгүйн улмаас иргэд газар өмчлөх эрхээ сэргээх хүсэлт, гомдлыг газрын албанд ихээр ирүүлдэг байна. Гэвч Монгол Улсын иргэн нэг л удаа газар үнэгүй өмчлөх эрхтэй тул буцаах боломжгүй гэдгийг албаныхан тайлбарлалаа.
Газар өмчлөх гэдэг нь тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж ашигтай шинж чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ гэж хуулинд заажээ. Өөрөөр хэлбэл бусдад худалдах бэлэглэх, өвлүүлэх, барьцаалан зээл авах эрхтэй болно гэсэн үг юм. Харин газрыг эзэмших эрх нь хязгаарлагдмал эрхтэйгээр захиран зарцуулах юм.
Г.Тэгшсүрэн
Shuud.mn
URL: