“Монроуд” компанийн захирал Б.Гарамбаатар: Би зээл авсан мөнгөөрөө мөрийтэй тоглоогүй, зам л барьсан
/”Өдрийн шуудан” сонин/: Авто замын үндэсний ассоциацийн тэргүүн “Монроуд” компанийн захирал Б.Гарамгайбаатартай ярилцлаа. “Анод” банкыг дампууруулсан, 13 тэрбум төгрөгийн зээлээ төлөхгүй байгаа гэх мэт түүний талаар таагүй мэдээллүүд сонин хэвлэлийн хуудсаар гарах болсон. Харин энэ мэдээллийг Б.Гарамгайбаатар захирал үгүйсгэж байна .
-Анод банкинд хамгийн том зээлтэй хүний нэг нь та. 13 тэрбум төгрөгийн өртэй гэж банкны өр барагдуулах албаныхан судлагаа гаргасан байсан?
-Надад хийсэн хэрэг байхгүй. Би ажлаа л хийж яваа хүн. Би ажил хийгээд Монгол Улсад хэрэг болох гэж зүтгэснийхээ төлөө ингэж цоллуулж байгаа. Би бол зээлдэгч. Замын салбар гэдэг өөрөө асар их мөнгө, хөрөнгө оруулалт шаарддаг. Над шиг ийм бизнес хийдэг хүн зээл авахгүйгээр компани байгуулаад зам барина гэж хэзээ ч байхгүй.
-Гэхдээ “Анод” банкны зээлдэгчдийг жагсаахад таны нэр нэгд бичигдэж байгаа шүү дээ?
-Би “Монроуд” компанийг үүсгэн байгуулсан хүн. “Монроуд” компани “Анод” банкнаас зургаан тэрбум орчим төгрөгийн зээлтэй байсан. Энэ зургаан тэрбум төгрөгийг манайх зээлсэн. Харин бусад компаниудын нэр дээр байгаа зээлийг би аваагүй, зээл авахад нь батлан даалт л гаргаж өгсөн хүн. Хамгийн гол нь энэ зээл бүгд хэвийн зээл байсан. Графикийн дагуу бид зээлээ, зээлийнхээ хүүг төлөөд явж байсан юм. Гэтэл Монголбанк “Анод” банкийг дампууралахдаа энэ зээлүүдийг найдваргүй зээл гээд зарлачихсан. Өөрөөр хэлбэл банкуудыг дампууруулж, үйл ажиллагааг нь хумихын тулд бүх компанийн зээлийг найдваргүй зээл гэж олон нийтэд мэдээлсэн.
-“Анод” банкны зээлдэгчдийн асуудал шүүх, цагдаад шалгагдаж байгаа. Танай компанийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа бэ?
-Гурван шатны шүүхээр ороод энэ асуудал шийдэгдчихсэн. Анх энэ банкны асуудал босч ирэхэд би “Миний нэр дээр миний батлан дааж авсан бүх компаниудын зээлийг нэгтгэ. Би төлнө. Батлан даалт гаргасан учраас хариуцлагыг нь би үүрнэ” гэж хэлсэн. Тиймээс шүүх энэ компаниудын нэрийг нэгтгээд 13 тэрбум төгрөгийн өртэй гэж тогтоосон. Би энэ шийдвэртэй ямар нэг маргаан гаргахгүй. Би зээл авсан уу, авсан. Үүнийгээ хэнээс ч нуухгүй. Хэнтий аймагт, Луусын даваанаас Мөрөн сум хүртэл 50 км урт зам барьсан. Засгийн газрын нуруун дээр ямар ч дарамт учруулахгүйн тулд би өөрөө зээл аваад, мөнгө босгоод энэ замыг барьсан. Би мөнгө олохын тулд, ажлаа хэвийн хийхийн тулд арилжааны банкнаас л мөнгө зээлэхгүй бол өөр хаанаас ч зээлж чадахгүй. Засгийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүйн тулд би арилжааны банкнаас арилжааны хүүтэй л зээл авсан. Зам барих гэж бүх эрсдлийг би өөр дээрээ үүрч, сарын 2-2.2 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Замаа бариад хүлээлгээд өгчихсөн. Гэтэл “Монгол Улсын санхүү хүнд байна. Чи долоон жил хүлээ.” гэж хэлсэн, гэрээ байгуулсан. Би тэр гэрээг нь хүлээн зөвшөөрсөн. Энэ зам дээр би ганцаараа явахгүй, ард иргэд зорчиж байгаа. Би мөнгөө Засгийн газраас цувуулж увуулж аваад зээлээ төлж л байсан Хэнтийн замыг барьсныхаа дараа Лүнгээс Эрдэнэсантын чиглэлд 62 км урт хатуу хучилттай зам барьсан. Бас л Засгийн газартай гэрээ байгуулж, өөрөө мөнгөө босгож, хүүтэй зээл авч, бүх эрсдлийг үүрч байж энэ ажлыг хийсэн. Монголд анх удаа эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зам барьсан хүн нь би. Хэзээ ч Монголчууд жилд 50 км урт, хатуу хучилттай зам барьж үзээгүй. Гэтэл үүнийг би хийсэн. Энэ зам ашиглалтанд орчихоод байхад 2010 оны хоёрдугаар сард л Засгийн газар надад мөнгөө төлж дуусгасан. Тэр мөнгийг нь би “Анод” банкинд өгсөн. Би “Анод” банкнаас авсан мөнгөө Монгол Улсын дэд бүтцийн салбарт л зориулж, зам барихад л ашигласан. Түүнээс биш би энэ мөнгөөр мөрийтэй тоглоогүй, наргиж цэнгээгүй. Шүүхээс намайг 13,5 тэрбум төгрөг төл гэсэн шийдвэр гарсан. 2010 онд гэхэд л би зургаан тэрбум төгрөг бэлнээр тушаасан. Миний үүсгэн байгуулсан “Монроуд” компани ямар ч өргүй. Одоо батлан дааж авсан компаниудын зээл л байгаа. Нэгэнт би тэр компаниудыг зээл авахад нь батлан даалт гаргасан учраас энэ мөнгийг төлнө. Би Монголбанкныхантай яриад, гэрээ хэлэлцээр хийгээд график гаргаад үлдэгдэл мөнгийг төлнө гээд тохирчихсон байгаа.
-Яагаад бусдын авсан мөнгийг та төлж байгаа юм. Энэ чинь 100 төгрөг биш, 100 сая төгрөг биш. 10 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа шүү дээ?
-Би батлан даалт гаргачихсан учраас төлж байгаа юм. “Анод” банкнаас зээл авсан “Улбаа” гэдэг компанид миний нэр, хөрөнгө юу ч байхгүй. Би тэр компанийн менежментийг л удирдаж байсан хүн. “Дээд цэг”, “Ар Пи Эм” гэдэг компанийг би үүсгэн байгуулалцсан. Мэдээж авсан зээлээ тэр компаниуд төлнө. Би зээлийг нь төлүүлэх гэж шахаж ажиллаж байгаа юм. Дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Хэрвээ гэрээний хугацаанд зээлээ төлж чадахгүй бол би өөрөө энэ мөнгийг төлнө. Нэгэнт миний нэр орооцолдсон учраас би Монголбанкны өмнө үүрэг хүлээж байгаа.
-Та эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зам барьж байгаа. Заавал бусдын өмнөөс өр тавих хэрэг байна уу?
-Манай компани Монголд анх удаагаа эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зам барьсан. Саяхан Концевцийн тухай хууль батлагдлаа. Энэ хууль батлагдснаар томоохон бүтээн байгуулалтын бүхий л ажил эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийгдэнэ. Би 2001 онд анх Хэнтийн Луусын даваанаас Мөрөн сум хүртэлх замыг барьсан. Манай компани энэ ажлыг яг хугацаанд нь чанартай барьж өгсөн. Харин Засгийн газар өгөх мөнгөө дандаа хугацаа хожимдуулж байсан байх.Нэг км зам өнөөдөр 500 сая төгрөгөөр босч байгаа. Ийм их хэмжээний хөрөнгө босгохын тулд зээл авахаас өөр аргагүй байсан. Сүүлийн хэдэн жил дэлхий нийтээрээ санхүүгийн хямралд орлоо. Барилгын материал шатах, тослох материалын үнэ хэд дахин нэмэгдзлээ, Монгол Улс санхүүгийн хямралд өртөж хүнд байдалд байлаа. Энэ бүхнийг тооцож үзэлгүйгээр зээл авсан хэдхэн бизнесменүүдээ л чичилж, банк дампууруулсан хэмээн цоллож байгаа нь харамсалтай л санагдаж байна. Үүнийг Монголбанкныхан ч мэддэг хэрнээ хэлэхийг хүсдэггүй. Өнөөдөр “Анод” банкнаас зээл авсан хүмүүсээс хамгийн их итгэлтэй түнш нь би л байгаа ш дээ. Монголбанк өр зээлүүдийн хувиарлалт хийхдээ манай компанийг өөрсдөө сонгож авч байгаа. Зээлийн төлбөр хийх чадвартай учраас ийм шийдвэр гаргаж байгаа юм. Яагаад гэхээр би Засгийн газартай гэрээтэй ажилладаг. Миний хийсэн ажлын хөлсийг Газгийн газар гэрээнийхээ дагуу төлчих учраас намайг найдвартай зээлдэгч гэж үзэж байгаа.
-“Анод” банкыг дампууруулахын тулд бүх зээлийг найдваргүй зээлийн ангилалд оруулсан гэж та хэллээ. Монголбанк яагаад имй шийдвэр гаргасан юм бол?
-Би банкныхантай уулзсан. “Би зээлдэгч мөн. Гэхдээ зээлээ төлөх чадвартай зээдэгч. Яагаад намайг найдваргүй зээлдэгч гэж зарлаж байгаа юм бэ?” гэж асуусан. “Нэгэнт банк дампуурч хүнд нөхцөлд орсон учраас бүх зээлийг найдваргүй гэж хардаг юм. Тэгээд дараа нь зээлээ дахин ангилж, ялгана” гэж л надад тайлбарласан. Уг нь миний бүх зээлүүд хэвийн төлөгдөөд явж байсан. Нэг ч зээлийн хугацаа дуусаагүй байсан юм шүү. Намайг найдваргүй зээлдэгч гэж зарласан ч гэсэн би мөнгөө төлөөд, гэрээний дагуу үүргээ биелүүлээд л явж байгаа. Ганцхан жилийн дотор зургаан тэрбум төглчихсөн байгаа. Гэтэл үүнийг банк зарлахгүй л байгаа байхгүй.
-“Монроуд” компани барьцаа хөрөнгө гэх юмгүйгээр баахан зээл авчихсан гэж өр барагдуулах албаны хүн ярьж байсныг санаж байна?
-Банкныхан тэгж л тайлбарладаг. Надад өчнөөн олон техник байна. Гэвч энэ техникийг хөдлөх хөрөнгө гэж үзээд барьцаалдаггүй. Би зээл авахдаа Монгол Улсын Засгийн газартай байгуулсан баталгаатай гэрээ, хэлэлцээр дээрээ үндэслэж зээл авсан. Энэ гэрээний дагуу санхүүжилт нь үе шатаар орж ирж байгаа. Гэтэл үүнийг барьцаа биш гэж үзэж байгаа юм. Яахаараа бүхэл бүтэн нэг улсын Засгийн газар найдваргүй байдаг юм. Яахаараа Засгийн газрын санхүүжилтэнд итгэдэггүй юм. Үнэхээр хачин байгаа биз дээ. Би өнөөдөр ч Засгийн газартай гэрээ байгуулаад ажил хийж байна. Манай компани Архангайн Хануйд зам тавьж, Баян-Өлгий аймгийн Олон улсын нисэх буудал барих ажилд оролцож байгаа. Оюутолгой, Таван толгойд манайх зам тавьж байгаа. Хийх ажлаа хийгээд төлөх мөнгөө төлөөд л явж байхад намайг элдвээр гоочилоод зүгээр суулгахгүй шинжтэй.
-Засгийн газар мөнгөө цаг хугацаанд нь бүрэн гүйцэт төлөхгүй бол хэцүү л юм байна даа?
-Зовлон бий. УИХ төсөв мөнгийг дутуу батлаж өгдөг. Эсвэл хөрөнгө оруулалт нь алга болчихдог. Ганцхан жишээ хэлье. Катар улс 2001 онд л Архангайн Хануйд зам барих хөрөнгө мөнгийг өгчихсөн. Бүр 10 сая ам доллар орж ирсэн. Энэ мөнгийг Засаг өөр юманд хэрэглэчихсэн. Хануйд барих замын мөнгийг Улсын төсвөөс бага багаар гаргаж байгаа. Манай компани 2007 онд энэ тендерт орж шалгарсан. Гэвч 2008 онд манай компанитай гэрээ байгуулсан. Бүтэн жилийн дараа гэрээ байгуулсан хэрнээ төсөв мөнгө хүрэлцэхгүй байна гээд энэ ажлыг дахин нэг жилээр хойш нь татаж байгаа. Энэ хугацаанд бараа материалын үнэ л нэмэгдээд байдаг. Би л “шатаж” байгаа байхгүй юу. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бараа материалын үнийн зөрүү гэхэд л зургаан тэрбум төгрөг болж байгаа. Баян-Өлгий аймгийн зам энэ жил дуусах ёстой байсан. Гэвч УИХ-ын гишүүд хөрөнгө мөнгийг нь 2011 онд шийдэхээр болоод хойшлуулчихаж байгаа юм.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Саяхан замын компаниуд нэгдэж ассоциаци байгуулсан. Гэвч зарим хүмүүс замын том компаниуд нэгдэж, жижгийгээ шахаж байна, Монополийн тухай хууль зөрчлөө гэж үзэж байгаа шүү дээ?
-Монголд авто замын салбар үүсч хөгжөөд 80 гарүй жил болж байна. Энэ хугацаанд Монголд нэлээд зам тавьсан байна. Том газар нутагтай, цөөн хүн амтай манайх шиг оронд дэд бүтцийг хөгжүүлж авто замтай болсноор Монгол Улсын хил хязгаар эзэнтэй болохоос гадна Улаанбаатар хотын төвлөрөл саарах сайн талтай. Тэгээд ч одоо л Монголд дэд бүтэц хөгжиж эхлэх гэж байна. Бүтээн байгуулалтын ид цэцэглэлтийн үе ирж байна. Энэ цаг үед дотоодын замын компаниуд эх орныхоо бүтээн байгуулалтад rap бие оролцож, Монголынхоо замыг өөрсдөө барих ёстой болчихоод байгаа юм. Ингэхийн тулд компаниуд ганц нэгээрээ зүтгээд ямар ч амжилтанд хүрэхгүй. Хамтын хүчээр бие биеэ дэмжин бүтээн байгуулалтад идэвхтэй оролцъё гэсэн юм. Уг нь эхлээд бид “Авто замын нэгтгэл” гэдэг консарциум байгуулсан юм. Тэгээд салбарын яам, агентлаг, Авто замын газар зэрэг төрийн байгууллагуудтай уулзсан юм. Гэтэл төрийн байгууллагатай холбоо харилцаатай ажиллахын тулд аж ахуй нэгж бус төрийн бус байгууллагын статустай байх ёстой юм гэдэг нь ажиглагдсан. Тиймээс бидний хэдэн нөхөд нийлээд Авто замын үндэсний ассоциацийг шинээр байгууллаа. Монголын авто замын салбарт 160 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 50 гаруй нь тодорхой хэмжээний ажилтай. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь хуруу дарам цөөхөн . Бусдыг нь замын салбарт үйл ажиллагаа явуулж байна гэхэд хэцүү. Ид бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ үед Монголын компаниуд ийм байдалтай байна гэдэг нь харамсалтай. Тэгэхээр бид зайлшгүй нэгдэж ажиллахаас өөр аргагүй болж байна. Тэгэхгүй бол Монголын замын салбарт гадны компаниуд түрээд, гадагшаа хөрөнгө зарлагадаад байгаа. Энэ асуудлыг шийдэж дотооддоо хөрөнгө мөнгө хуримтлуулж, зам шиг замыг өөрсдөө барьж байгуулахаар болсон юм.
-Дотоодын компаниудын тавьсан зам чанаргүй гэсэн ойлголт бий. Үүгээрээ үндэсний компаниуд гадныхнаас дутуу үнэлэгдэх тал байгаа юу?
-Манай консорциумд нэгдсэн компаниудын боловсон хүчин, техник тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн жагсаалтыг гаргаж үзсэн. Гэтэл энэ компаниуд жилдээ 500-600 км зам тавих бүрэн хүчин чадалтай байна. Техник тоног төхөөрөмж, хүн хүчний хангамж, чадвар нь сайн байгаа юм. Сайн чанарын зам тавихад гологдохооргүй, гадны компаниудтай өрсөлдөхүйц болсон.
-Тэгээд яагаад чанаргүй зам барьдаг гэсэн муу нэр зүүгээд байдаг юм бэ?
-Хамгийн гол нь санхүүгийн боломж нь өөрсдийнх нь хүчин чадлаас дөрөв дахин бага байгаа. Нөгөөтэйгүүр зам барих суурь үнэлгээ манайд дэндүү доогуур байдаг нь чанаргүй зам тавих нөхцөлийг бүрдүүлж байна. Монголд авто замын салбар маш нарийн хяналтад байдаг. Дэлхийн банк, бусад олон улсын байгууллагын зээл тусламжаар замаа тавьдаг учраас тэдний стандартад нийцүүлж ажиллаж байна. Өнөөдөр долоон метрийн хучилттай, таван см-ийн зузаантай, арван метрийн өргөн далантай зам тавьж байгаа. Харамсалтай нь энэ замыг арчлах, хамгаалах хүн, хөрөнгө мөнгө нь тун хомс. Зам гэдэг байнга арчилгаа шаардаж байдаг эд. Гэтэл арчилж, хамгаалж чаддаггүй. Хүнд даацын машинууд яваад л онги татчихдаг.
-Үнэхээр л дотоодын компаниуд ийм чадамжтай болсон юм бол яагаад гадны компаниуд манай замын тендерт шалгараад байдаг юм бэ?
-Тендерийн хуулийн цоорхойгоос болдог. Хамгийн бага үнийн санал өгсөн дотоодын компанийг тендерт шалгаруулдаг. Ямар ч техникгүй, хүн хүч муутай компани зам тавихаар болдог. Тэд бага үнэ санал болгож авсан тендерээрээ ажлаа явуулахаас өөр аргагүйд хүрдэг. Гэтэл одоо бараа материалын үнэ зах зээлийн шаардлагаар эрс өөр болчихсон. Одоогийн зах зээлийн үнээр бол км замыг 500 сая төгрөгөөр барина шүү дээ. Гэтэл үүнээс хамаагүй доогуур үнэлгээгээр тендер зарлачихдаг. Тэгэхээр авсан мөнгөндөө тааруулж зам тавихаас өөр арга байдаггүй. Ингээд Монголын компаниуд муу, чанаргүй, олон жилийн насгүй зам тавьдаг нэр зүүдэг. Монгол компаниудаар зам тавиулсны оронд хятадуудаар бариулсан нь дээр гэдэг байхгүй юу. Үнэндээ Хятадын компаниуд чанартай сайн зам тавьдаг гэвэл үгүй шүү дээ. Хятад улс өөрөө чанартай зам тавьдаг нь үнэн. Гэхдээ тийм өндөр зэрэглэлийн компаниуд нь Монголд орж ирдэггүй. Манай улстай хил залгаа оршдог хотын ажилгүй болчихсон, уналтад орчихсон компаниуд нь орж ирээд Монгол Улсад зам барих дээд сургууль төгсөөд л явдаг шүү дээ. Баахан ажилгүй хятадуудаа ажлын байраар хангаад, цалин хөлстэй болгоод буцаадаг нь нууц биш. Үүний оронд монголчууд өөрсдөө замаа тавиад, гадныханд алддаг ажлаа өөрсдөө хийгээд зарцуулж байгаа хөрөнгө мөнгөө дотооддоо шингээх хэрэгтэй байна. Шинэ тавьсан зам хурдан эвдэрдэг өөр нэг шалтгаан бий. Улаанбаатар хотод газар доорх барилга байгууламжийн зураг төсөл бүрэн хийгдээгүйтэй холбоотой. Үүнийг сайжруулаагүй цагт чанартай зам хичнээн тавиад ч нэмэргүй шүү дээ. Газар доорх байгууламж нь үеэ өнгөрөөчихсөн учраас эвдэрч гэмтлээ гэхэд шинээр тавьсан зам хурдан сэтэрдэг. Дээрээс нь тавьсан замыг арчилдаг төрийн өмчит компаниуд ажлаа хийдэггүй. Санхүүгийн эх үүсвэр нь төрөөс байдаг учраас засвар арчилгаа хийлгүй удсанаас зам хурдан эвдэрч хагардаг юм.
-Ярилцсанд баярлалаа
URL: