Багануурын уурхайг “барьцаалсан нь”
Тэртээ 1988-1989 оны хооронд хайгуул хийж, 812 сая тонн хүрэн нүүрсний нөөцтэй гэдгийг нь тогтоосон талбайгаа Багануурын уурхай алдахад ойрхон ирлээ. Учир нь, уг талбайд нь “Алтай гоулд” гэх компани 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд 30 жилийн хугацаатай ашиглалтын лиценз авсан байх бөгөөд хожим буюу 2010 онд уг лицензээ “Алтай гянт” компанид шилжүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийг 2007 оны долдугаар сард УИХ-аас батлахтай зэрэгцэн “Алтай гоулд” компани ийн цаг хугацааны сиймхийг ашиглан тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга нараар шийдвэрээ гаргуулж чадсан нь энэ. Гэхдээ ингэж хуулийн өөрчлөлтийг далимдуулан дээрэм хийсэн тэдний өнөөдрийн хариуцагч нь дээр хэлсэнчлэн “Алтайн гянт” компани. Тодруулбал, “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн удирдаж байсан “Алтайн гянт” компани юм. Иймд Багануурын уурхайн барьцаалагдсан түүх болон үйл явдлын өрнөлөөс түүвэрлэн дэс дараатай хүргэе.
Ц.Пүрэвтүвшин цорын ганц эзэмшигч нь болжээ
2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд “Ц.Пүрэвтүвшин “Алтайн гянт” компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч болж байж. Мөн уг компанийн “Хөрөнгө оруулалт нь нэг сая төгрөг, нэг мянган хувьцаатай” гэсэн бичиг нь бий.
Ашигт малтмалын даргын шийдвэрийг “Алтайн гянт” шүүхэд өгчээ
Багануурын уурхай уг асуудлаас үүдэн гомдол гаргаснаар тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг 2012 оны аравдугаар сарын 17-нд хууль бус ашиглалтын лицензийг цуцлах үүргийг Ашигт малтмалын газрын тухайн үеийн удирдлагуудад өгсөн байна. Үүний дагуу тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга 605 дугаартай тушаалыг хүчингүй болгох буюу “Алтайн гянт”-ын эзэмшиж байсан ашиглалтын лицензийг мөн оны аравдугаар сарын 23-нд цуцалжээ. Харин энэ шийдвэрийг “Алтайн гянт” компанийн удирдлага хууль бус хэмээн үзсэн ч бүтэн гурван жилийн дараа шүүхэд гомдол гаргасан байдаг.
Гурван жилийн дараах шүүх хурал
2012 онд анхан шатны шүүхээр асуудлыг хэлэлцэх болоход итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирээгүй “Алтайн гянт” компани хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хойно буюу бүхэл бүтэн гурван жилийн дараа гомдлоо сэргээж. Ингэхэд Захиргааны хэргийн анхан шатны шүүгч М.Зориг хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээсэн байх юм. Мөн уг компанийн хариуцагчаар ажиллаж байсан н.Ганбаа гэгч нь 2012-2016 оны хооронд буюу бүхэл бүтэн дөрвөн жилийн хугацаанд өвчтэй байсан гэдэг бичгийг нэгэн хувийн эмнэлгээр гаргуулж, шүүхэд өгснөөр хүндэтгэх шалтгаан гэдгээр хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээх үндсэн хүчин зүйл нь болжээ.
Шүүх хуралдаан 12 удаа хойшлов
Ингэж олон жил тодорхой бус байдалтай, шүүх хуралдаан нь гурван жилийн дараа эхэлсэн уг маргааныг Захирааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх хүртэл жил орчмын хугацаанд мөн л 12 удаа хойшилсон байх юм. Гэхдээ анхан шатны шүүхийн шүүгч Б.Адьяасүрэн хэргийг түдгэлзүүлж, дунд шатны шүүхийн шүүгчид болох С.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нар “Анхнаасаа хууль бус шийдвэр учраас анхны захирамжийг хүчингүй болгох нь хууль бус” гэж Ба-гануурын уурхайн талд шийдвэр гаргасан байна.
Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хурал дөрвөн удаа ухаржээ
Дээд шүүхийн түүхэнд бараг анхны гэмээр нэг тохиолдол болсон нь дээрх маргааныг хэ-лэлцэх гэж За-хиргааны хэр-гийн шүүхийн хуралдаан дөр-вийн дөрвөн удаа хойшилсон байх юм. Ингэхдээ “Ал-тайн гянт” талаас өмгөөлөгч нь ирээгүй, өмгөө-лөгчөө сольсон, өмгөөлөгчийн сонгон шалга-руулалт зарласан, түр хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулна уу гэдэг тайлбар хийж. Гэтэл солигдсон гээд байгаа Р.Очирбал нь өнгөрсөн хугацаанд “Монголын зэс” корпорацийг хууль, шүүхийн өмнө төлөөлсөн хэвээр байгаа.
Ц.Пүрэвтүвшин “Алтайн гянт”-аас гарлаа
2016 оны дөрөвдүгээр сарын 21-нд уг компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч буюу эзнээр нь тодорсон, томилогдсон Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшилдээ авсан “Монголын зэс” компанийн асуудал олны анхааралд орж, УИХ-аас төрийн мэдэлд авах шийдвэр гаргах маргаан дэгдэхтэй зэрэгцэн “Алтайн гянт”-ын эзний эрх үүргээ н.Баттулгад шилжүүлэн өгчээ.
Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимийн тэргүүний хурд
Энэ бол Худалдаа хөгжлийн банкны Хууль, эрх зүйн газрын даргын албанаас Давж заалдах шатны шүүх рүү очсон Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурийг тойрсон хардлага. Тэрбээр Давж заалдах шатны шүүхээс ердөө хоёр жилийн дотор Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн болоод зогсохгүй Багануурын уурхай болон “Алтайн гянт” компанийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх уг шүүх хуралдааныг даргалсан байгаа юм. Улмаар хоёр шатны шүүхийн шийдвэрийг үл харгалзан маргааныг анхан шатны шүүх рүү буцаажээ.
Багануурын уурхайн 10 сая тонн нүүрсний өрөнд орох уу
Одоогийн байдлаар Багануурын уурхайн үндсэн ордын нөөц дуусаж, “Алтайн гянт” компанитай давхардуулан олгосон уг ашиглалтын лиценз бүхий талбайгаас 10 сая тонн нүүрс олборлоод эхэлчихсэн байгаа. Хэрэв дараа, дараагийн буюу энэ долоо хоногт болох Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эхлээд “Алтайн гянт”-ын талд шийдвэрээ гаргавал тус уурхай эхний ээлжинд шууд тухайн талбайгаас олборлочихсон байгаа 10 сая тонн нүүрснийхээ төлбөрийг төлж таараа. Дээр нь, Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангахад гол түшиц нь болдог уг уурхай “Алтайн гянт”-ын мэдэлд шилжиж, улаанбаатарчууд тогтой байх уу, дулаантай байх уу үгүй юу гэдэг дээр тулж очино. Иймд энэ долоо хоногт болох Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаан болон дараа дараагийн үйл явдлыг анхааралтай ажиглаж, нүд чих болон эрх ашгаа хамгаалах нь зөвхөн Багануурын уурхай төдийгүй улаанбаатарчуудын үүрэг, хариуцлага байх ёстой ажээ.
Үндэсний шуудан сонин
URL: