“Эрдэнэс таван толгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр 2020 оны сонгуулийн үр дүнг тодорхойлно

158a0485c74a45ecfdf33cb0d66d082f

Улстөрчдийн хувь заяаг уул уурхайтай холбоотой асуудал шийднэ

2020 оны сонгууль болоход 2 жил үлдлээ. Энэ хугацаа “Эрдэнэс таван толгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг төрийн өмчит томоохон компаниудын хувь заяаг тодорхойлоход хангалттай хугацаа бөгөөд улстөрийн намууд энэ асуудал дээр ямар шийдвэр гаргахаас хамаарч 2020 оны сонгууль тэр намынх болно .

2016 оны сонгуулийн үр дүнгээс харахад ард иргэд намуудад адил тэнцүү санал өгөхөөс илүү нэг намыг үнэмлэхүй олонх болгож нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг цэгцлэхийг илүүд үзэж байгаа нь харагдсан.

Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Ижил тэнцүү суудалтай намуудаас олон нийт хариуцлага, үр дүн нэхэж чадахгүй байх явдал өнгөрсөн хугацаанд байсан ба намууд ч бие бие рүүгээ бухсаар цаг хугацааг элээсэн. Өдгөө ард түмэн МАН-д том дэмжлэг өгсөн шигээ том хариуцлага нэхэхээр хүлээж байгаа.

Ялангуяа олон жил дуншсан “Эрдэнэс таван толгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дээр ард түмэн дүнгээ тавина .

 

Энийг ч улстөрийн намууд анзаарсан бололтой. Өнөөдөр УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Монгол Улсад бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг ганц компани нь “Эрдэнэс таван толгой” ХК юм. Гэтэл нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс болоод баялаг хөрөнгийг нь хэрхэн зарцуулах, ямар шалгуур шаардлага тавих эсэх гэсэн хууль байхгүй. Өнөөдөр иргэд нь 14 хувийг нь эзэмшиж байгаа хэрнээ ногдол ашиг авч, үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй, удирдах албан тушаалд нь сонгогдож чаддаггүй. Гэтэл 86 хувийг эзэмшиж байгаа төр өрөнд оруулаад, зээл аваад энэ компанийг ашиггүй ажиллуулдаг. Борлуулалтын болоод бусад гэрээг ямар ч ашиггүй хийдэг. Муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийн зохицуулалтуудыг шинэчилж хуулийг батлуулахаар тогтоод байна” гэж мэдэгдсэн.

Дашрамд дурдахад Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч Байгалийн баялгийн хуваарилалтын хуулийн төслийн үзэл баримтлал дээр нэг жилийн хугацаанд ажиллажээ. АН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч хуулийн төслийг ирэх 7 хоногт УИХ-д өргөн барихаар болжээ.

 

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Таван толгойг Оюутолгойн “Дубайн гэрээ” шиг нохойн замаар оруулах гэж байхад тухайн үеийн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд энэ чинь ард түмэнд ашиггүй хэмээн алх цохин болиулж байсан түүхтэй.

Х.Баттулгын хувьд Таван толгойд сонирхолтой байсан ба энэ сонирхлын үүднээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгийг авсан МСS-ийн Х.Оджаргалтай зөрчилдөж байв.

Ямартай ч, энэ асуудлаас болоод З.Энхболдыг Х.Баттулга өөрийнхөө буюу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болгосон гэдэг.

“Эрдэнэс таван толгой” ямар чадамжтай болохыг 2016 оны сонгуулийн өмнөх үйл явц харуулсан . Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг иргэдийн 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр Төр худалдан авах шийдвэр гаргаж, маш их хэмжээний мөнгийг иргэдэд тараасан байдаг.

Тэгвэл одоо “Эрдэнэс таван толгой”-г ард иргэдэд жинхэнэ утгаар нь өгөх, Монгол Улсад ашиггүй болсон Оюутолгойн гэрээг эргэж харах, энэ гэрээг байгуулахад хувь хүртэж, түүнийгээ оффшорт нуусан гэх С.Баяр, С.Баярцогт тэргүүтэй хүмүүсийн гадаад, дотоодын хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байгаа явдлыг нэг талд нь гаргаж цэгцлэх цаашлаад ард түмний өмч болох Эрдэнэтийн 49 хувийг Төрд буцаан авах зэрэг асуудалд хэрхэн хандахаас эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-ын 2020 оны сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах эсэх нь шийдэгдэнэ.

Caaknews.mn


URL:

Сэтгэгдэл бичих