АХХ, Алтангадасын лидерүүдийн хувийн зөрчил ил гарав

АН дотооддоо асуудалтай байгаагийн учиг нь сонгууль дөхсөнтэй холбоотой бололтой. З.Энхболд намынхаа дарга болно гэж хэсэг үймүүлсэнийг эс тооцвол 2008 оноос хойших хугацаанд АН-д  баймгүй тулхтай байдал ноёрхож байв. Харин сүүлийн үед хусмаа чамласан хүүхдийн авир эдний зарим гишүүнээс нь хурцаар илрэх болжээ.

Хамтарсан Засгийн газрын тогтвортой, үр дүнтэй ажиллаж ирсэн байдал, хөдөлгөж чаддаггүй хүнд төслүүдийг гараанаас гаргасан, АН-ын нэр хүнд бусад улс төрийн хүчнийг тэргүүлж буй зэрэгтэй нөхцөлдүүлж үзвэл АН дотроо бужигнах цаг болоогүй байлтай. АН бол том нам учраас ийн хэлэхэд хүрэв. Энэ намд утга учиргүй бужигнаан үүсвэл Монголын нийгэмд халгаатай байдал үүсэх юм. Харамсалтай нь АН-ын цөөнгүй гишүүн үүнийг ухамсарлахгүй байгаа бололтой. Шинээр батлагдаж магадгүй Сонгуулийн хууль ч гишүүдийнх нь зөрчлийг дэвэргэж байгаа байх. Түүний нэг жишээ нь “Алтан гадас”-ын хүчтэй лидер Г.Батхүү, Ардчилсан хүчний холбоо (АХХ)-ны  ерөнхийлөгч З.Энхболд нарын бие биенээ “үзэхгүй” болсон явдал гэнэ.

УИХ-ын сонгуулийг шинэ хуулиар явуулах тохиолдолд дөрвөн мандаттай байсан Өвөрхангайгаас хоёр гишүүн сонгогдоно. 2008 оны сонгуулиар АН-ын дөрвөн нэр дэвшигч “эвтэй дөрвөн амьтан”-ы  зарчмаар ажилласны дүнд гуав нь сонгогдсон. Одоо хоёр мандаттай болоод ирэхээр нам доторх өрсөлдөөн ширүүсэх нь ч аргагүй. Тойргоороо дандаа хамтдаа галгиулдаг байсан Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд нар сүүлийн үед Өвөрхангай руу уралдаж очдог болжээ. Г.Батхүү Д.Зоригтыгоо сэмхэн дагуулаад тойргоо эргэдэг байсныг нь З.Энхболд мэдчихсэн юм байх. Мань хүн нэг удаа нөгөө хоёрыгоо эзгүйчлээд аймгийн АН-ын хорооны даргаар АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Хасбаатар гэдэг залууг лообийдсоор байгаад сонгуулчихаж. Энэ мэтээр Ардчилсан хүчний холбоо, Алтан гадасын лидерүүдийн хувийн зөрчил ил гарч эхэллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих