БАЙДРАГ, МАНДАЛЫН ГОЛЫГ БАГАЛЗУУРДАХ НЬ ЭЭ…

332702659ca133bb5bfa3640cf8e33c60beb7ffeБаянхонгор аймгийн Заг Байдраг сумын нутгаар урсдаг Байдраг, Мандалын голуудыг багалзуурдан сүйтгэхээр “Оргил Моунт” ХХК болон “Жи Энд Ю Голд” гэгч ХХК-ууд улайран дайрч эхэлжээ. Эдгээр компаниудын хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцээд эцэст нь тэрбум гаруй төгрөгийн ялд уначихаад байгаа Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуай “Байгаль орчноо хамгаалах, нутаг усаа бүрэн бүтэн байлгахын төлөө 20 жил зүтгээд эцэст нь тэрбум гаруй төгрөгийн ялд уначихаад шүүх цагдаагаар явж байна” гэдгээ бидэнд мэдэгдсэн юм. Түүний өрөнд унасан шалтгаан нь манай нийгэмд хэвшил болоод удаж байгаа авлига, хээл хахууль, хууль бус үйлдэл хийгээд төрийн албан хаагчдын хариуцлагагүй байдалтай хэд хэдэн шижмээр холбоотой юм.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг “Тэгшийн ам”  хэмээх газарт хууль бусаар аль олборлож байгаа “Оргил Моунт” гэгч ХХК-ын хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн өнгөрсөн зунаас өөрийн чадлаар тэмцэж, Улаанбаатар Баянхонгорын хооронд шогшсон Д.Далхаа гуайг “Уул уурхайн үйл ажиллагаанд саад учруулж сул зогсоосон тул төлбөрийн мөнгө төл” хэмээн заргалдсан гэнэ.

Ер нь ямарч газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд хамгийн түрүүнд бүрдүүлсэн байх ёстой бичиг баримт бол Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ байх ёстой юм. Тийм ч болохоор өнгөрсөн зун “Оргил Моунт” ХХК-ыхан машин техникээ ачаад очингуут нь тэрхүү үнэлгээг хийлгэсэн эсэхийг нь үзэхийг шаардахад нь тас гэдийгээд байхаар нь зүй ёсын арга хэмжээ авч хоёр хоног ажлыг нь хийлгээгүйнхээ төлөө Байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуай өнөөдөр ийнхүү цагдаа шүүхээр явж хохирч байгаа ажээ.

Тэгээд ч “Оргил Моунт” ХХК-ынхан Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хуурамчаар бүрдүүлсэн байх магадлалтай хэмээн нутгийн иргэд, Жаргалант сумын ЗДТГ, ИТХ-ын төлөөлөгчид үзэж байгаа  тул удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа ажээ.

Тийм ч учраас тэдний зүгээс Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт доорхи бичиг баримтыг илгээсэн ч “Оргил Моунт” болон “Жи Энд Ю Голд” ХХК-иудыг л өмгөөлсөн хариу ирсэн гэдгийг  Д.Далхаа гуай бидэнд утсаар мэдэгдсэн юм.

Ийм ч учраас Баянхонгор аймгийн Цагдаагийн газар нь дээрх хоёр компанийн үйл ажиллагааг өмгөөлөн хамгаалж, Жаргалант сумын Байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуайг буруутгалцаж байгаа гэдгийг ч тэрээр утсаар мэдэгдсэн юм.

Тэгээд ч тэдний эсэргүүцлийн мөрөөр БОНХАЖЯ, Уул уурхайн яам, МХЕГ, АМГ-аас томилогдсон ажлын хэсэг гурван ч удаа газар дээр нь очиж шалгасан боловч тодорхой дорвитой хариу өгөлгүйгээр өнөөдрийг хүрсэн гэдгийг ч мэдэгдсэн юм. Энэ талаар Д.Далхаа гуай “Өөрсдийнх нь машин тэргээр үйлчлүүлсэн улсын комиссынхон хэний талд дүгнэлт гаргасан нь тодорхой” хэмээн нутгийн иргэд дүгнэцгээж байгааг ч илэрхийлсэн  юм. Ямартай ч өнгөрсөн хугацаанд дээрх хоёр компанийхан Байдраг, Мандалын голуудын эхэнд хөрсийг нь хуулж, алт олборлон, усан буугаар өнөөх алтаа угаасаар байсан бөгөөд өвлийн хүйтний ачаар одоогоор ажил нь зогсоод байгаа гэнэ. Уг нь Байдрагийн гол нь Баянхонгор аймгийн Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан гэсэн таван сумын хүн, малыг ундаалаад, Бөөн цагаан нуурт цутгадаг ажээ. Гэтэл энэ сайхан голыг 2012 онд Засгийн газраас баталсан “Урт нэртэй хууль”-ийг дагаж мөрдөх шинэчилсэн журмын дагуу дээрх хоёр компани үйлийг нь үзэж усыг нь дундлаад дуусгах нь холгүй байгаа гэнэ.

“Жи Энд Ю Голд” буюу “Оргил Моунт” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа дээрх төсөлд “Тулга Байгаль Трейд” гэгч ХХК Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн гэх бөгөөд түүнийх нь эх хувь нь БОНХАЖЯ болон захиалагч, Гүйцэтгэгч талд байхгүй байгаа нь гэмт хэргийн шинж чанар агуулаагүй тул цааш үргэлжлүүлэн шалгах шаардлагагүй хэмээн ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг Гэмт хэрэг мөрдөн хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Х.Баянтүмэн гэгч нь ирүүлсэн  албан тоотдоо дурдсанаар тийнхүү Жаргалант сумын Байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуай буруутгагдаж эхэлжээ.

Ийнхүү төрсөн нутгийнхаа Байгаль орчин, Байдраг, Мандалын голуудынхаа төлөө тэмцсэн Жаргалант сумын Байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуай өнөөдөр тэрбум гаруй төгрөгийн өр төлбөрт уначихаад яах ухаанаа олохгүй тэвдэж яваагаа бидэнд утсаар мэдэгдсэний дагуу энэхүү материалыг нийтлэж байгаа болно.

Монгол Улсад шударга ёс, үнэн зөв шүүх засаглал хаашаа алга болчихоод шударга иргэдээ ийнхүү хэлмэгдүүлэн зовоох болов оо.

Тэгээд ч энэ талаар Заг, Байдраг сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нар Улаанбаатарт ирж мэдээлэл хийж яваа тул тун удахгүй тэдэнтэй уулзаж болоод байгаа үйл явдлын талаар тодорхой мэдээлэл хүргэх болно.

Д.Түвшин

24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих