“Анод”-д солонгосоос орж ирсэн зургаан сая ам.долларыг “хар мөнгө” хэмээн шинжээчид дүгнэж байна
Монголбанк “Анод”-ын хэргийг “нууц”-ын зэрэглэлд оруулжээ
Дампуурал зарлаад бүтэн жил болж байгаа “Анод” банкны хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Тавдугаар хэлтэс шалгаж, томоохон албан тушаалтнуудыг энэ хэрэгт буруутгаад удаж байна. Энэ хэргийг гардан шалгаж байгаа ахлах мөрдөн байцаагч Х.Доржсүрэн “Анод” банкны 20847323 тоот хавтаст хэрэгтэй танилцаж, шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтийг 2009 оны нэгдүгээр сард гаргажээ. Энэ хүсэлтийн дагуу Монголбанкнаас дөрвөн шинжээч томилж, “Анод” банкны санхүүгийн байдалд үнэлгээ хийлгэсэн байна. Хамгийн сонирхолтой нь Монголбанкны удирдлагууд дээрх шалгалтын дүн дээр “Нууц №1” гэсэн тамга дарж, Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлсэн байх юм. Цагдаагийнхан ч энэ хэргийг нууцлах сонирхолтой байгаа бололтой. Уг хавтаст хэрэгтэй танилцаж, шинжээчээр ажилласан Төвбанкны ажилтнуудаар гарын үсэг зуруулж, баталгаажуулж авчээ. Энэ шалгалтын дүнг Монголбанкны Ерөнхийлөгч Д.Пүрэвдорж яагаад ингэтлээ нууцлах болов гэсэн асуулт өөрийн эрхгүй сонирхол татаж байна. Монголбанкнаас тус банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилж, татвар төлөгчдийн 150 тэрбум төгрөг зарцуулсан ч тус банк дампуурсан. Тиймээс шалгалтын дүнг нууцалж байгаа гэж эдийн засагчид хардаж байна.
Стратегийн хөрөнгө оруулагч уу, эсвэл?
“Анод” банкныхан 2008 оны дөрөвдүгээр сард Хувь нийлүүлэгчдийн хурал зарлаж, 2004-2007 оны хуримтлагдсан ашиг 3.1 тэрбум төгрөг, 2008 оны нэгдүгээр улирлын ашиг 3.1 тэрбум төгрөгийг хувь нийлүүлэгч нартаа хуваарилах шийдвэр гаргажээ. Хоёрхон жилийн өмнө зургаан тэрбум 200 саяын ашигтай ажиллаж, хувь нийлүүлэгч нартаа хувааж өгч байсан энэ банкны хөрөнгө хувьцаа гаргаснаар улам зузаарсан байх юм. Санхүүгийн зохицуулах хорооны 100 тоот тогтоолоор “Анод” банк 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 39418531 ширхэг энгийн хувьцааг гаргасан аж. Тухайн үед “Анод” банкныхан Стратегийн хөрөнгө оруулагчтай болсноо Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, хувьцаа гаргах зөвшөөрөл авсан бололтой. БНСУ-ын “Эн Эй Ю Ай Би Капитал” “Солонгосын хөрөнгө оруулалт, технологийн корпараци” консерциум, “Түшиг” ХХК хамтран 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон, тиймээс энгийн нэрлэсэн хувьцаа гаргах шаардлагатай гэж “Анод”-ны удирдлагууд мэдээлсэн байна. Тухайн үед банкны тайлан тэнцэл дээр 5.7 тэрбум төгрөгийн хувьцааг “Түшиг” ХХК-ны худалдаж авсан гэж бичсэн байсан ч энэ мөнгө орж ирээгүй нь шалгалтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл “Түшиг” ХХК стратегийн хөрөнгө оруулагч биш, тэр ч бүү хэл ямар ч хувьцаа худалдаж аваагүй нь шалгалтын явцад тогтоогджээ.
Хардлага дагуулсан хөрөнгө оруулалт
“Анод” банкны Стратегийн хөрөнгө оруулагч гэдэг нэр зүүсэн БНСУ-ын “Эн Эй Ю Ай Би Капитал” компани 2008 оны тавдугаар сарын 21-ны өдөр тус банкинд 2.502.883.38 ам.долларыг Монгол руу шилжүүлжээ. Үүнээс хоёр хоногийн дараа Солонгосын Хөрөнгө оруулалт, технологийн корпарациас 2.503.013.16 ам доллар мөн шилжүүлсэн байна. Энэ их хэмжээний ам.доллар БНСУ-ын “Коrea exchenge”, “Shinhan” банкнуудаас шилжиж ирсэн боловч Монголбанкны шинжээчид “цэвэр” мөнгө гэдэгт эргэлзэж байгаа юм. Тэд энэ мөнгөний эх үүсвэрийг зайлшгүй шалгах, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргасан 40 зөвлөмж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд БНСУ-ын эрх бүхий байгууллагад хандах шаардлагатай гэж үзсэн байна.
Сая ам.долларын бэлэг
Үүнээс гадна БНСУ-ын иргэн Lee Ok Sook гэгч 2001 оны тавдугаар сарын 7, 21-ны өдрүүдэд нийтдээ 999.968 ам долларыг “Анод” банкны хувьцаа эзэмшигч Д.Батмөнхөд бэлэг болгон шилжүүлж, энэ мөнгө бас л “Анод”-ын данс руу оржээ. Солонгос иргэнээс сая ам.доллар бэлгэнд авсан Д.Батмөнх 2008 оны нэгдүгээр сард өөрийнхөө хувьцааг “Анод” банкны захирал Э.Гүр-Аранзад бэлэглэх хүсэлт гаргаж байсан ч эрх бүхий байгууллагаас зөвшөөрөөгүй гэнэ. Монголбанкны шинжээчид энэхүү нэг сая ам.долларыг бас л “бохир” мөнгө байх магадлалтай гэж үзэж байгаагаа уг дүгнэлтдээ дурьджээ. Тиймээс Д.Батмөнх БНСУ-ын иргэн Lee Ok Sook нар ямар харилцаа холбоотой, Lee Ok Sook ямар бизнес эрхлэж, ямар эх үүсвэрээс мөнгө олдгийг тогтоох шаардлагатай гэж Улсын мөрдөн байцаах газрынханд анхааруулсан байна.
Ниргэсэн хойно нь хашгирав
Уг нь Монголбанк арилжааны банкнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, ямар эх үүсвэрээс ямар мөнгө орж ирж байгааг харж, хянаж байх үүрэгтэй. Гэвч “Анод” банкинд эх үүсвэр нь тодорхой бус зургаан сая ам.доллар орж ирчихээд байхад ямар ч хяналт шалгалт хийгээгүй байх юм. Хамгийн сонирхолтой нь гадаадаас тэрбум тэрбумаар хөрөнгө оруулалт татаж, олон зуун тэрбумын зээл тарааж байсан “Анод” банкыг байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэх хөрөнгөгүй байсан, Монголбанкинд сар, жил бүр худлаа тайлан тэнцэл гаргаж ирүүлдэг байсныг Төвбанкныхан сая л мэдэцгээсэн байх юм. Тэр ч бүү хэл Солонгосоос зургаан сая ам.долларын орж ирснийг ч мэдээгүй байсан бололтой. Энэ мөнгө орж ирж, үрэгдэж дууссан, банк нь дампуурсан хойно л тэд “Хар мөнгө байх магадлалтай. Энэ мөнгийг нарийн шалга. Мөнгө угаасан байж болзошгүй” гэх хожимдсон хэрнээ сүржин дүгнэлтүүд гаргасан байх юм. Ёстой л нөгөө ниргэсэн хойно хашгирна гэж үүнийг л хэлдэг байлтай.
URL: