Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухайн маргааныг хянан хэлэлцэж, уг тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Уг шийдвэрийн үндэслэлд “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004, 2009 онд тус тус соёрхон баталжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг. Түүнчлэн холбогдох хуульд Засгийн газар соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстойг заасан. Мөн Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан Олон Улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, өөрчилж, зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бүрэн эрхэд Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолоороо халдаж Үндсэн хуулийн холбогдох заалт болон бусад хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоороо Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.” гэж заасан байна.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос асуулт асууж, хариулт авав.
URL: