Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд “Мөрөөдөхөд МӨНГӨ төлөхгүй”
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг энэ парламент, тэр дундаа эрх баригч хүчин алгуурхан хэлэлцүүлсээр байна. Үнэмлэхүй олонхи Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөлдөх уулзалт хийж, Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газар, төрийн алба, шүүх эрх мэдэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэсэн үндсэн 6 багц сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, цахимаар санал авсан билээ.
Маргааш нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг багтаасан. Хэрвээ УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр ард нийтийн асуулга явуулж, шийдвэр гаргавал хаврын чуулганаар хэлэлцэх бусад асуудлыг хойш тавина. Учир нь Үндсэн хуулийг дангаар хэлэлцүүлэх заалттай. Тиймээс энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн Монгол Улсын их хурлын тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг нэн түрүүн буцаагдах үндэслэлтэй.
Сөрөг хүчин АН “Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр орж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Ялангуяа УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, улстөрийн намуудын тухай, орон нутгийн сонгуулийн бие даасан байдлын, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, төсвийн бие даасан байдлын хангах зэрэг асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Гэхдээ бүлгийн зүгээс МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь буруу гэж үзэж байгаа. Үндсэн хуулийг өргөн хэлэлцүүлэг хийж, ард түмнээрээ хэлэлцүүлж, улстөрийн бусад намууд, төрийн бус байгууллагуудтай ярилцаж, шийдэж байж энэ асуудлыг ёстой” гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа.
Нөгөөтэйгүүр УИХ дахь гуравдагч хүчний төлөөлөл МАХН шинэ Дээд Үндсэн хуулийн хуулийн төслийг боловсруулан, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд эхэлсэн. Намрын чуулган хаалтаа хийж, Сар шинийн уур амьсгал олон нийтийн дунд тасраагүй өдрүүдэд МАХН төслөө олон нийтэд танилцуулж, ИЗНН, МҮАН, МНН-тай хамтран шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгээ орон даяар эхлүүлснээ мэдэгдсэн билээ. Уг шинэ Дээд Үндсэн хуулийн төсөлд байгалийн баялгийг ард түмний мэдэлд бүрэн шилжүүлнэ. Ингэснээр боловсролыг үнэгүй олгож, орон сууцыг залууст үнэгүй өгнө. Тавантолгойн орд таван тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Нүүрсний үнийг хамгийн багаар буюу 20 ам.доллар гэж бодоход 100 тэрбум ам.долларын хөрөнгө Тавантолгойд байна. Тэгвэл Монголын бүх айлыг буюу 450 мянган өрхийг нэг м/кв нь 1000 ам.доллар бүхий 50 м/кв орон сууцтай болгоход 24 тэрбум ам.доллар шаардлагатай. Ийм боломж бололцоо байгаа” гэдгийг МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сурталчилсаар явна.
Эрх баригч хүчин МАН, сөрөг хүчин АН дотооддоо хагаралтай, гадна талдаа рейтэнг нь тасралтгүй унасаар яваа үед гуравдагч хүчин МАХН парламентын гаднах улс төрийн намуудтай хамтарч шинэ Дээд Үндсэн хуулийн төслөө сурталчлан, 2020 оны сонгуульдаа ханцуй шамлан орж байна. МАХН, ИЗНН, МҮАН, МНН хамтарч шинэ Дээд Үндсэн хуулийн төслөө олон нийтээр хэлэлцүүлэхдээ “МАНАН-гаас өөр гэдгээ мэдрүүлнэ, МАНАН-гийн тогтолцоог устгана, МАНАН-г арилгана” гэдгээ онцолж байгаа. Өнөөдөр эдийн засаг хүнд, иргэдийн амьжиргаа доогуур, олон нийт МАН-д ч, АН-д ч итгэл алдсан энэ үед МАХН ба бусад хүчнүүд ийнхүү өөрсдийн сурталчилгаагаа идэвхтэй өрнүүлж байна.
Хэдийгээр парламентаас гадуурх улс төрийн намуудын энэ төсөл хууль тогтоох дээд байгууллагын хэмжээнд шийдвэрлэгдэхгүй ч массын сэтгэлзүйд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бүх зүйл үнэтэй, үнэгүй юм гэж үгүй гэдгийг өнөөдөр бид мэдэхийн дээдээр мэдэрсэн. Өнөөдрийн 30 шүргэж яваа залууст үнэгүй зүйл байдаг гэх ойлголт ч байхгүй. Тиймээс шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл тэднийг заримыг гайхашралд хүргэж ч магад. Боловсрол, орон сууцыг үнэгүй олгоно гэх энэ хуулийн төсөл зарим хэсгийн “загатнасан газар маажиж” байгаа нь үнэн. Гэхдээ шинэ дээд Үндсэн хуулийн төсөл “Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй” гэдэгтэй агаар нэгэн гэдгийг олон нийт эрхбиш ойлгон хүлээн авч байгаа гэдэгт найдна.
Басхүү УИХ-аас боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл ч энэ удаад батлагдахгүй буцах магадлал өндөртэй. Учир нь парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон энэ үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлах нь “Эдийн засгаа сэргээгээгүй байж эрх баригчид өөрсдийн эрх мэдлээ баталгаажууллаа” гэх сөрөг хүчний болон бусад улс төрийн намуудын шүүмжлэл, иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй тулна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг ч цаг дээрээ эрх мэдлийн эрэмбэ булаалцдсан эсэргүүцэгчид мундахгүй. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл ч, шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл ч санаачлагачдад төсөл, төсөөлөл, мөрөөдөл, хэвээр үлдэх магадлалтай юм.
Н.Энхлэн
Shuud.mn
URL: