Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Гутайн даваа бол Онон голын сав газрын нэрийн хуудсын нэг. Батширээт сумын нутагт байрлах энэ газар алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Энд гурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн орд. Тодруулбал, шороон ордыг “Айвуун Тэс’’,“Ю энд Би” ашиглаж байсан бол үндсэн орд нь “Гутайн даваа” компанийнх. Нэрээ өөрчилж одоо “Пегматит майнинг” болсон. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг. Шороон ордыг ашиглаж байсан хоёр компани байнга л нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэдэг байжээ. Хаагдаж, нээгдээд цөөнгүй жилийг үдэхдээ тэдний тарьсан балаг их. Олон зөрчил гаргаж байсны улмаас Онон голын цутгал Гутайн гол ширгэх, тасалдахад хүрээд байгаа талаар нутгийн иргэд холбогдох байгууллагуудад удаа дараа мэдэгдэж байсан гэдэг. Нутгийн иргэдийн ярьснаар өмнө нь тэнд өнгийн цэцэгс алаглаж гол горхи урссан үзэсгэлэнтэй газар байсан бол одоо тийм байхаа болсон ажээ. Гутайн даваа дахь хамгийн том зовлон бол алтны үндсэн орд. Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар. “Гутайн даваа” (хуучин нэрээр) компанийнхан алтны нөөцийн тайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3.1 тонн алтны нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Ашиглалт явуулахаар төлөвлөх үед нь “Урт нэртэй хууль” батлагдан гарчээ. Алттай газар нь Ойн сан бүхий газар байсан учир тэд “шүлсээ залгиад л” үлдэж. Гэхдээ тэдэнд удалгүй боломж гарч иржээ. УИХ-аас “Урт нэртэй хууль”-ийг шинэчлэн баталж, дагалдах журмыг боловсруулсан байдаг. Ингэснээр “Гутайн даваа” компани дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Тэрнээс хойш тус компанийнхан алт олборлоход шаардлагатай зөвшөөрлүүдийг нэг нэгээр нь авсаар байв. Ордыг далд аргаар ашиглах төслийн ТЭЗҮ хийлгэж 2015 оны аравдугаар сарын 28-ны өдрийн ЭБМЗ-ийн хуралдаанаар батлуулж чаджээ. БОНБҮ-г 2017 оны есдүгээр сард БОАЖЯ-аар батлуулсан бөгөөд 2018 оны уулын ажлын төлөвлөгөөг нь УУХҮЯ баталсан байна. Эндээс харахад Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа компанийн ажил хуулийн дагуу, ямар ч асуудалгүй мэт. Харин бодит байдал дээр эргэж харах, бодууштай, заавал шийдэх ёстой олон асуудал байна. “Пегматит майнинг” компанийнхан хамгаалалт гаргаж алтны ордыг өдөр шөнөгүй манаж байна. Одоо тус компани хэний мэдэлд байгаа нь ч тодорхой бус, аргаа барсан нутгийн иргэд бурханд залбираад л сууж байна.
АЛТ ЧУХАЛ УУ, БАХАРХАЛ ЧУХАЛ УУ
Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энд яагаад алт ухаж болохгүй вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хариулт нь тодорхой. Учир нь энэ сав газар бол эзэн Чингис хаантай холбоотой түүхэн нутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнэтэй. Алт ухаж болохгүйн нэг том шалтгаан энэ. Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223 зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Гадаадын жуулчдын анхаарлыг соронзон мэт татдаг нутаг. Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Олон мянган хүний зүрх сэтгэлд Онон хатан ижий нэрээр мөнхөрсөн энэ ариун дагшин голыг бид нүдний цөцгий мэт хамгаалах учиртай. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм. Найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын экосистем тэр чигээрээ зогсохыг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд хаалга тогшоод ороод ирнэ. Дараа нь харамсаад ч нэмэргүй. Чулуунаас алтыг салгахад баяжуулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Хүссэн хүсээгүй цианит натри хэрэглэж таарна. “Бороо гоулд”-ынх шиг нуруулдан уусгах технологи ашиглаад ч аюулгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл энэ технологи өөрөө эрсдэлтэй. Хорт бодис Гутайн голд орж улмаар Онон голд орохгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй. Өмнөх гашуун жишээ ч мартагдаагүй байна. Ийм эрсдэл байгааг хэлэхээр “Гутайн даваа” компанийнхан үйлдвэрийг Багануурт барьж магадгүй гэсэн тайлбар хэлж байжээ. Эдийн засгийн ашиг талаасаа ингэх ямар ч боломжгүй, зардал ихтэйг мэргэжилтнүүд хэлж байна.Үнэндээ бол нутгийнхныг тайвшруулсан хуурмаг яриа төдий. Эсвэл Багануурт бариад Хэрлэн голыг бохирдуулах гэж байгаа юм уу. Бас л болохгүй, хэн ч эсэргүүцэх санал. Уул уурхайн олборлолт явуулахын өмнө нутгийн иргэдийн, орон нутгийн удирдлагын саналыг авах ёстой байдаг. Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нутагтаа олборлолт явуулахыг дэмжиж тогтоол гаргасан байна. Үүнийгээ ажлын байртай болно, сумын төсөв нэмэгдэнэ гэж тайлбарлажээ. Иргэдийн дуу хоолой жинхэнэ утгаараа гарах ёстой багийн хурал харамсалтай нь инээдмийн жүжиг шиг болсныг иргэд ярьж байна. Онон багийн хуралд цөөн хэдэн хүн ирээд л Гутайд ашиглалт явуулах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Уул уурхайн компанийнхан нутгийн удирдлагатай тулж ажилладаг болсны нотолгоо энэ бололтой. Гэтэл иргэдийн олонхи нь эсрэг байр суурьтай байсан нь тодорхой болов. Учир нь, “Онон Улз голынхон” хөдөлгөөнийхөн Гутайд алт ухахыг эсэргүүцэж байгаа иргэдийн гарын үсгийг багуудаар явж цуглуулсан бөгөөд нутгийн 1200 гаруй иргэн Гутайг хөндөхгүй байх санал гаргаж гарын үсгээ зуржээ. Тэд үндэслэл, иргэдийн гарын үсгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 онд илгээсэн ч удалгүй УИХ-ын сонгууль болсноор энэ асуудал мартагджээ. Уул усаа хөндүүлэхгүй гэсэн нутгийн иргэд, мөнгө хэрэгтэй байна гэсэн орон нутгийн удирдлага, ухаад өгье гэсэн алтны компанийн хүсэл Гутайд халз таараад гацсан дүр зураг өнөөдөр бий болжээ. Ийм эгзэгтэй байдалд иргэдийн талд зогсох үүрэгтэй, тэгнэ гэж сонгогдсон УИХ-ын гишүүд нь олдохгүй байгааг нутгийнхан нь хэлж байна. 2016 оны сонгуулийн өмнө тойргийг ярих үед Хэнтий аймгийг эзэн Чингисийн төрсөн нутаг гэсэн тайлбар хэлж байгаад мандатынх нь тоог гурав болгосон билээ. Гэтэл Чингис хааны төрсөн нутагт нь алт ухаж, түүхт Онон голыг эрсдэлд оруулах аюул ирээд байхад гишүүд үүнийгээ мартчих юм. Ядаж ичих нүүр гэж байх ёстой шүү дээ. Хэнтийгээс сонгогдсон гишүүд болох Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар таг чиг. Тэд Онон голын сав газрыг цээжээрээ хамгаалах ёстой баймаар. Ер нь тэгэх даалгавар өгч Хэнтийнхэн энэ хүмүүсийг УИХ-д сонгосон биш гэж үү. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байна. Оюутолгой, “Урт нэртэй” хуулиар имижээ хийсэн тэрээр төрсөн нутагт нь алт ухаж гол усыг бохирдуулах гэж байхад яагаад чимээгүй сууна вэ. “Урт нэртэй” хуулийг хамгаалагч, санаачлагчдын нэг гэгддэг тэрээр зүй нь иргэдээ, нутгаа хамгаалан өөрөө удирдаад тэмцэх ёстой байсан биш гэж үү. Л.Оюун-Эрдэнийн хувьд улстөрийн карьер нь хурдтай өсч яваа залуу хүн. Сүүлийн үед нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлаар дуу хоолойгоо хүчтэй гаргаж олон түмний талархлыг хүлээж байгаа гишүүн. Онон хатан ижийгээ хамгаалах ариун үйлсэд идэвхи санаачилгатай оролцоно гэдэгт Хэнтийнхэн итгэж, найдаж байна. Д.Гантулга гишүүн ч залуу хүн. Алдаж онож явахын оронд Онон голоо ариун дагшнаар нь авч үлдэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэвэл нутгийнхан нь ямар их баярлах бол. Монголчуудын амьдрал сайнгүй байгаа, гэхдээ Онон хатан ижийгээ бохирдуулж алт ухахтаа тултал ядарч туйлдаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ асуудалд анхаарал хандуулж оновчтой тушаал, шийдвэр гаргахыг амьдрал шаардаж байна. Магадгүй Гутайд юу болох гээд байгааг, доод тушаалтнууд нь юу хийж бужигнуулж байгааг сайд мэдээгүй байхыг үгүйсгэхгүй. Асуудал хүндэрвэл сайдын өөрийнх нь нэр хүндэд л муу. Тэгэхээр одоо энэ асуудалд анхаарал хандуулж зангаргаа харуулмаар байна. Хэдхэн жилийн өмнө оросууд хилийн цаана алт ухаж бохир ус нь Ононд орж бөөн асуудал болж билээ. Манайхны хүсэлтээр Оросын эрх баригчид тэр дор нь арга хэмжээ авч компаниудаа хаасан түүхтэй, одоо тэнд алт ухахгүй байгаа. Онон хатан ижийг харийн хүмүүс ингэж хамгаалж байхад бид өөрсдөө алт ухаж бохирдуулна гээд байгаа нь үнэндээ шившиг. Бахархах зүйлтэй байна гэдэг аливаа улсын оршин тогтнохын баталгаа гэж ярьдаг нь учиртай. Үнэ цэнийг нь алдагдуулбал тусгаар улсын нэг багана нурна гэж суутнууд зүгээр ч нэг хэлээгүй байх. Монголчууд сиймхий гээд гэрээ шатаадаггүй, сэгсгэр гээд ээжийгээ сольдоггүй. Онон голын сав газарт алт ухаж болохгүй!
Sonin.mn