Х.БАТТУЛГА: ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ШҮҮГЧИДТЭЙ ТЭМЦЭЖ, АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн хувиар нутаг орноо тойрж иргэдтэйгээ уулзлаа. Иргэд тэтгэвэр тэтгэмж, ажилгүйдэл ядуурал, улстөрчдийн увайгүй үйлдлүүдийн талаар голлон саналаа хэлж байна.
Төрийн албан хаагчдын ёс зүй, хуулийн засаглал, Үндсэн хуулийг сайжруулах, өрийн дарамтыг бууруулах, төрийн албыг цомхон болох талаар ч иргэд саналаа хэлж байлаа. Тэтгэвэр тэтгэжмийн хүртээмжгүй байдлыг нэмэгдүүлэх нь нэн шаардлагатай байна. Тэтгэврийн тогтолцоонд томоохон гажиг, хөгжлийн эрүүл бус тогтолцоо бий болоод байгаа иргэд хэлж байна.
Монгол хүний нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах нь чухал байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шийдэх боломж байна.
2020 он гэхэд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг 500 мянга төгрөг болгох хэрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй байгууллагаас хураамж авах хэрэгтэй. Тэтгэвийн хэмжээ багасаж, ажлын байр олдохгүй байгаагийн шалтгаан нь баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой.
Хүн амын тэн хагас нь ядуу тарчиг амьдарч байна. Мөнгө хаашаа орж нийтэд хүртээмжтэй байна уу үгүй юу гэдэг асуудал одоог хүртэл тодорхой бус байна.
Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэнд энэ асуудлыг хэлэлцэхээс өөр арга байхгүй. Ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтныг халах хэрэгтэй. Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр иргэдээс санал авч байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг санаачилсан. Удахгүй УИХ-д өргөн барина.
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон нь эдийн засгийн нөөц боломж байгааг харуулж байна.
Цаазын ялыг сэргээх нь зүйтэй. Бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ сэргээн хөгжүүлэх боломж байгаа. Үндсэн хуулийг тогтвортой хөгжлийн Үндсэн хууль болгохын тулд олон нийтийн санаа бодлыг зайлшгүй тусгана.
Нийтийн сонсгол хийх замаар томилсон албан тушаалтнууддаа хяналт тавих шаардлага байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгчидтэй тэмцэж, ажлаас нь чөлөөлнө.
Шинэ Засгийн газар бүрэлдэх бүрд албан хаагчдыг үндэслэлгүйгээр халдаг болсон. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг иргэддээ үйлчлэх алба болгоно.
Ажлын байрыг нэмэгдүүлэхгүй байгаа нэг хүчин зүйл бол гадаадаас ажиллах хүчин орж ирдэг явдал юм. Засгийн газар хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжиж байгаа ч илүү сайн ажиллах шаардлагатай.
Бид илүү сайн эдийн засгийг бий болгохын төлөө зүтгэх хэрэгтэй байна. Хотын цэвэр усны хангамж 2030 он гэхэд шавхагдах судалгаа гарлаа. Ус бол аюулгүй байдлын нэгэн баталгаа тул асуудал хүндрэхээс өмнө урьдчилан шийдэх нь чухал. Урин цаг ирсэнтэй холбогдуулан агаарын бохирдлыг мартаж болохгүй. Агаарын бохирдлыг бууруулахад ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг давхар шийдэж болно.
Хуулийн засаглал шударга ёс, төрийн ёс зүйн хэм хэмжээ алдагдсан нь өнөөдрийн уналтын гол шалтгаан болоод байгааг иргэд хэлж байна. Иргэдийн төрд итгэх итгэл улам бүр суларч байна.
Гадаад орнуудад суух Элчин сайдуудын асуудлыг шийдүүлэхээр Засгийн газар, УИХ-д саналаа хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл нэг нь л шийдэгдлээ. Инновацийг бүх салбарт хэм хэмжээ болтол нь нэвтрүүлье. Одоо гагцхүү бид ажил хийх л үлдлээ” гэсэн юм.
URL: