Н.Алтанхуяг Б.Ариунсангаа өмөөрөн ахин хонгилын тухай ярив уу?

1444874048561f0740b1971Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх гэдэг алба хашиж байгаа.   Н.Алтанхуяг зөвлөх өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд өөрийн сошиал хуудаснаа нэгэн бичлэг оруулжээ. Тэрээр уг бичлэгтээ Ерөнхий сайд байхдаа АТГ-т дуудагдсаныхаа дараахан ярьсан хонгилын талаар дахин тайлбарлан ярьжээ. Хонгилын талаар тэрээр эхэлж ярих үед түүний эргэн тойронд ажиллаж байсан олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан “хүргэн” Дэнзэн нарын хүмүүс шүүхээс ял сонсож, түүнийгээ эдэлсэн.

Харин энэ удаад экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг дахин хонгилын талаар ярьж гэнэт гарч ирсэн нь АТГ-т одоо шалгагдаж байгаа Б.Ариунсан гэдэг хүнтэй холбоогүй гэж хэлэх аргагүй тийм нөхцөл байдал үүссэн байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй.

Б.Ариунсан гэдэг хүний албан тушаал өгссөн шат нь Н.Алтанхуяг даргын эрх мэдэлтэй болохтой яг давхцаж иржээ. Тодруулбал, С.Баярын тэргүүлсэн стандарт бус Засгийн газарт Н.Алтанхуяг Шадар сайдын алба хашиж байхад Б.Ариунсан Эрдэс баялаг эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан бол 2012 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсны дараа Тагнуулын байгууллагыг толгойлж улмаар Н.Алтанхуягийг огцроход агентлаг сэлгэн Татварын ерөнхий газрын дарга болж байсан аж.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан 2009 оноос хойш Монголын хууль хяналтын байгууллагуудад нэг ч удаа албан ёсоор шалгаагүй. Харин энэ жил АТГ-аас Оюутолгойн гэрээний талаар өнгөрсөн жилүүдэд иргэний хөдөлгөөнүүд, улс төрийн зарим  намаас байнга шүүмжилж, хардаж ирсэн Оюутолгойн гэрээг анх удаа албан ёсоор шалгаж байгаа нь тодорхой болсон. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Сангийн сайд асан Ц.Баярцогт, Татвар болон Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг АТГ-аас саатуулан шалгаж байгаа. Тэднийг саатуулах хугацааг 30 хоногоор сунгах шийдвэрийг Прокуророос гаргасан. Ийм нөхцөлд экс Ерөнхий сайд гарч ирсэн ахин хонгилын талаар цагаан самбар дээр зурж байгаад “хичээл заасан” нь Б.Ариунсангаа өмөөрсөн үйлдэл гэдгээс өөрөөр уншигдахгүй байна.

Улстөрчид гэдэг жүжигчидтэй нэг талаараа ихээхэн төстэй ажил хийдэг улс. Хэзээ, хаана яаж гарч ирж, юу гэж ярьж, нийгмийн сэтгэл зүй, олны санаа бодлыг хааш нь эргүүлэх вэ гэдгээ бэлдэж байгаад гарч ирдэг улс шүү дээ.

Ц.ЭРДЭМ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих