Ховор амьтны гаралтай бэлэг дурсгал худалдан авахгүй байхыг анхаарууллаа
Хүний буруутай үйл ажиллагааны улмаас биологийн олон янз байдалд үзүүлэх сөрөг нөлөө жилээс жилд нэмэгдсээр байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) 1970-2012 оны хоорондох судалгаанаас үзэхэд унаган байгалийн доройтол 2012 оны байдлаар 58 хувь байгаа бөгөөд байгаль хамгаалах чиглэлээр бодит алхам, тууштай бодлого баримталж ажиллахгүй бол 2020 он гэхэд 67 хувьд хүрэх тооцоотой аж. Биологийн олон янз байдлыг доройтуулж буй олон шалтгаануудын нэг нь зэрлэг амьтан, ургамлын хууль бус агнуур, худалдаа, хэт ашиглалт юм.
Нийслэлийн Байгаль орчны газар, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран зэрлэг амьтны гаралтай түүхий эд буюу арьс, шир, эд эрхтэн болон ховор ургамлын хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжид заасны дагуу анхааруулга, зөвлөмж өгөх ажлыг гадаадын жуулчид олноор үйлчлүүлдэг худалдааны төв, бэлэг дурсгалын дэлгүүрүүдийг хамруулан зохион байгуулж эхэллээ. Албан ёсны зөвшөөрөлгүйгээр зэрлэг амьтдын эд эрхтэн болон нэн ховор ургамлыг хөдөө орон нутгаас тээвэрлэн ирж борлуулах явдал түгээмэл болоод буй юм.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар болон төлбөр төлсөн иргэд Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу барьж агнахаар заасан байдаг. Тус зөвшөөрлийг аваагүй худалдсан, тээвэрлэсэн тохиолдолд дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу агнасан, барьсантай адилтган үзэж Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн төлүүлж Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг. Иймд ховор амьтан, ургамлын зүйл тэдгээрийн гаралтай эд хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлсийг худалдах, тээвэрлэх, худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна гэж нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.
URL: