“Мобиком” гавьяа байгуулсан шигээ “гай” дагуулж байна

Бидний монголчууд хөгжилд алхам ойртож “Мобиком”-ын буянаар гар утас барьж эхэлснээс хойш даруй 15 жилийг

ардаа орхижээ. Өдгөө тус корпораци орон даяар нэг сая 200 мянган хэрэглэгчийг байлдан дагуулж, нэр төрийн баталгаа өгч, өндөр үнэтэй ч чанартай үйлчилгээ хүргэдэг гэсэн имиж тогтоогоод буй. Гэхдээ энэ бол хэрэглэгчдийн бус зөвхөн тус компанийн өөрсдөдөө хийсэн дүгнэлт, тавьсан дүн. Харин бодит байдал дээр зарим талаараа нэр төрийг “хугалагч”, хэрэглэгчдээ “шулагч”-ийн үүрэг гүйцэтгэж байна гээд хэлчихэд хатуудсан болохгүй. Монголын бүх үүрэн телефоны операторуудаас хамгийн өндөр ярианы тарифтай хэмээн шүүмжлүүлдэг “Мобиком”-ын утас, үйлчилгээ  нь хүртэл хэрэглэгчдэдээ гологддог болж.
Нэгэн жишээ дурдъя. Саяхан даа. Танил эгч маань таараад Моби нэг л биш ээ гэж ирээд хуучиллаа. Юу болсныг сонирхвол, ажлаар гадагшаа яваад ирэх хугацаанд нь бухимдуулсан асуудал гар утас нь байсан гэнэ. Эндээс явахдаа мессэж роумингийн үйлчилгээгээ идэвхжүүлсэн хэдий ч өнөөх нь ажилласангүй. Ингээд яаралтай арга хэмжээ авах санаатай тус компани руу ярьтал өнөөх  “Blackberry” гээд баргийн хүн авч дийлдэггүй үнэтэй  утасны тохиргоо таарахгүй байна гэсэн хариу өгчээ.  Ахин дахин утасдаж гар утас хэрэглэх шаардлагатай байгаагаа учирласан ч тусыг эс олж. Энэ нь нэр төрийн баталгаа гэгддэг 9911…тэй хэрэглэгчид тулгарсан асуудал. Ер нь иймэрхүү бэрхшээл хэрэглэгчдэд байнга тулгардаг гэдгийг хэлэх хүн олон байна.  Угтаа ажил хэрэгч хүмүүсийн ажлаа амжуулах алтан түлхүүр нь гар утас. Ажил хэргийн ч, амины ч асуудлыг  цаг алдалгүй гар утасны тусламжтайгаар шийдвэрлэдэг. Гэтэл хэрэгтэй үед өнөөх утас нь ажиллахгүй байх нь яах аргагүй асуудал мөнөөсөө мөн. Тухайлбал, Мобигийн хэрэглэгчид баяр болохоор /шинэ жил, цагаан сар, наадам/ бусад хэрэглэгчид рүү холбогдох боломжгүй болдог. Утсаар ярих хамгийн их шаардлагатай баяр наадмын өдрүүдэд  Мобикомын үйлчилгээ жинхэнэ чанараа таниулдаг.  Уг нь аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэ  шигээ чанартай байх ёстой баймаар.

Та бүхнээс хүсэхэд…
“Мобиком” мэдээллийн технологийн хөгжилд хувь нэмрээ оруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Мэдээж аль ч бизнесийн байгууллага ашиг олох ёстой. Зорилго нь ч тэр. Гэхдээ  бусдыг хохироож биш харилцан ашигтай хамтын ажиллагаагаар асуудлыг шийдэх бүрэн бололцоотой.  Сүүлийн үед гарч ирсэн бүхий л үүрэн холбооны компаниуд Мобитой  харьцуулахад яриа, бусад үйлчилгээний үнийн тариф нь хамаагүй хямд. Тэгэхээр олон жил барьсан дугаараа орхиж чадахгүй байгаа хэрэглэгчдийнхээ сэтгэл зүйгээр тоглохоо болимоор байна. Ер нь Мобикомыг цаашид монополь байх эсэхийг хэрэглэгчид шийднэ. Би гэхэд хоёр сарын өмнө өөр операторын дугаар авсан. Мобигоос хоёр дахин хямд юм байна лээ. Гэлээ гээд хуучин дугаараа хаячихаж чадахгүй, хэрэглэхгүй ч гэсэн байлгаж л байна. Над шиг хэрэглэгчид маш олон бий. Энэ мэтээр өдрөөс өдөрт хэрэглэгчдийн тоо нь хумигдаж байгааг онцолмоор байна.
Ингээд Мобикомынхноос  хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавиач ээ гэсэн ганцхан зүйлийг хүсмээр /гуймаар/ байна. Тодруулбал, үнээ бууруулаач ээ, үйлчилгээгээ сайжруулаач ээ гэсэн үг.  Миний бодлоор тус корпораци ярианы үнийн тарифаа бууруулах,  үйлчилгээгээ чанартай болгох бүрэн боломжтой.

Анх энэ компанийг Монголд оруулж ирсэн япончууд  тухайн үедээ “Монголоос бид тийм ч их ашиг олох бодолгүй байна. Арав орчим жилийн дараа зардлаа нөхөх байх” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан гэдэг. Гэвч хоёр жилийн дараагаас л Мобиком ашигтай ажиллаж,  тавхан жилийн дараа тэр эрхэм 20 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашгийг татварт мэдүүлсэн байдаг. Одоо бол Мобиком болон түүний харьяа охин компаниуд нийлээд жилийн цэвэр ашиг нь 100 орчим тэрбумд хүрдэг гэсэн тооцоо бий. Харамсалтай нь энэ мөнгөний талаас илүү хувь нь Япон руу урсаж байна. Тэгэхээр төрийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалттай компанийг стратегийн гол томоохон бизнесийн салбарт оруулахдаа анхаармаар байгаа юм. Томчуудад бол Мобид сард сая саяар нь төлөхөд юу ч мэдрэгдэхгүй байх л даа. Харин сэтгүүлч надад гар утасны төлбөр зуун мянгаас илүү гараа л бол амьдрал утгагүй болоод байна шүү дээ. Энд хэн нэгнийг магтаж нөгөөг нь муулж хүмүүсийн тархийг угаах гэсэнгүй. Зөвхөн бодит үнэнийг л бичлээ.

Г.Долгорсүрэн

URL:

Сэтгэгдэл бичих