ЦААЗЫН ЯЛ ШИЙДЭЛ МӨН ҮҮ?

19178

Попроод энэ сэдвийн талаар нэг хэдэн зүйл сийрүүлье гэж бодлоо. Бүр анх уг гарлаас нь ярьвал 2012 онд Монгол улс “Иргэний болон улс төрийн эрхийн фактын 2-р нэмэлт протокол”-д нэгдэн орсоноор Монгол улс цаазын ялыг халсан 97 дахь улс болсон байдаг. Бусад 96 улсынхаа өмнө ижил эрх эдэлж ижил үүрэг хүлээе гэж нэгдэн тохироод уг протоколд нэгдсэн гэж хэлж болно. Тийм ч учраас энэ цаг үеэс эхлэн цаазаар авах ял Монголын асуудал биш Олон улсын хамаарал бүхий асуудал болж хувирсан ба өнөөгийн томоохон маргааны эхлэл болж байж. Сүүлийн хэд хоногт цаазын ялын талаар хэн хэн юу гэж үзэж ярьж, санал санаачлага гаргаж байгааг бүгд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа тул илүү ихийг нуршихыг хүссэнгүй.

АРААТНЫГ ЦИРКТ СУРГАДАГ…
Амьтан, тэр дундаа араатан амьтан бол төрөлхийн харгис зан чанартай. Харин хүн гэгч амьтан нийгмийн амьдралд оршин байдаг учраас ёс суртахуун хүмүүжил төлөвшилөөр тэрхүү харгис зан чанараа хязгаарлаж байдаг. Та араатан амьтныг хамгийн ойроос харахыг хүсвэл цирк рүү явна, тийм үү? Яагаад гэвэл тэнд аюулгүй араатнууд байдаг. Аюулгүй гэдэг нь харгис зан чанарыг нь сурган хүмүүжүүлчихсэн араатнууд гэсэн үг. Тэгвэл тэднийг яг хэн сургаж, араатан шинжийг нь багасгав? Мэдээж “ХҮН”. Хүн тэднээс ялгарах оюун ухаан, сэтгэн бодох чадвартай, тархины хөгжлөөрөө тэднээс илүү учраас яаж ийж аргыг нь олоод араатан шинжийг нь багасгаж чаддаг. Араатныг ширэнгэн ойд араатнууд өөрсдөө биш, циркийн манежинд оюун ухаант хүн сургадагтай яг ижил философийн үйлчлэл хууль шүүхийн суурь онолд үйлчилж байна. Алуурчиныг шийтгэхийн тулд хууль өөрөө алуурчин болох нь араатан амьтад хоорондоо алалцан амьдардаг Африкийн ширэнгэн ойтой агаар нэг гэж үзэж эхэлсэн. Оюун ухаант хүн тул тэдгээр алуурчдыг циркийн манежинд авч ирээд залхаан цээрлүүлэх арга замаар гэмт үйлдлийг нь ухааруулах нь хамгийн төгс шийдэл юм гэдгийг дуу нэгтгэйгээр хүлээн зөвшөөрч байна.
Алуурчинг алдаг, хүчиндэгчийг хүчинддэг, дээрэмчнийг дээрэмддэг буюу “амийг амиар” гэх үзэл суртал хуучин нийгэмтэй хамт ард хоцроод багагүй хугацаа өнгөрчээ. Монгол орны түүхэнд хамгийн хатуу ялын бодлоготой хууль “Их засаг” хууль байсан. Гэмт хэрэг үйлдэгчдийн дийлэнхи нь толгойгоо авахуулдаг байсан түүх бичвэр бий. Тэр ч бүү хэл хамгийн хатуу ял нь бэлчээр түймэрдсэн иргэнийг гэр бүлээр нь цаазаар авах ялаар шийтгэж байсан тухай бичиж үлдээсэн байдаг. Тэгвэл тухайн үед нийгэм амар тайван байсан уу? Үгүй. Хамгийн их аллага хядлага, зах замбараагүй бүхэн тэр үеийн нийгэмд оршсоор байсан. За орчин үе рүү шилжье.

ХЯТАДАД НЭГ Ч ХҮЧИРХИЙЛЭЛ ГАРДАГГҮЙ БОЛОВ УУ?
Дэлхий дээр цаазаар авах ялыг хамгийн түгээмэл хэрэглэдэг орон бол Хятад. Хятад улс нийт 53 төрлийн гэмт хэрэгтээ өчиггүй цаазаар авах ял оноодог. Үүнд бидний яриад байгаа “хүчиндэх” гэмт хэрэг цогцоороо багтсан байдаг. Хүүхэд байна уу, том хүн байна уу ялгаагүй хүчиндсэн л бол амиараа шийтгэлээ хүлээдэг. Манай хэсэг бүлэг хүмүүсийн хүсээд байгаа ял шийтгэл тэнд байна. Гэхдээ байзаарай, тэдгээр хэсэг бүлэг хүмүүсийн хүсээд байгаа цаазын ял нь тэнд байгаа юм бол ийм төрлийн гэмт хэрэг нэг ч гардаггүй байх даа тиймээ?

Өнгөрсөн 2017 онд Хятад улсад нийт 31833 хүн хүчингийн гэмт хэрэг үйлдэж цаазаар авахуулсан тоо баримт байна. Бага тоо биш, гэхдээ Хятадын хүн амтай харьцуулаад бодохоор бага тоо. Үүн дээр Тайванийн их сургуулийн нийгмийн шинжлэх ухааны доктор, эрдэмтэн Луо Цин Иний хийсэн нэгэн судалгаагаар их сонин зүйл гарчээ. Хятад улсад үйлдэгдсэн 10 удаагийн хүчингийн үйлдэл тутмын ердөө 1 тохиолдол нь буюу дөнгөж 10% нь л цагдаагийн байгууллагад энэ тухайгаа мэдэгдсэн байна. Яагаад? Хариулт нь маш энгийн. Өөр нэгэн судалгаагаар хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдийн 7% нь л тухайн хохирогчийг огт танихгүй хүн байдаг бол үлдсэн 93% нь дандаа ойр дотны, хамаатан садан найз нөхөд байдаг гэсэн байна. Хүчингийн хэргийн хохирогч ч гэсэн хүн. Тэдэнд өр нинжин сэтгэл байгаа юу гэвэл байгаа. Би цагдаад өгчихвөл энэ хүн цаазлуулна шүү дээ. Нэгэнт болоод өнгөрсөн, нэгэнт бие сэтгэл минь бузарлагдчихсан. Тийм байхад би энэ хүнийг цагдаад өгч алууллаа гээд юу өөрчлөгдөх юм бэ? Миний бие сэтгэлээс илүү хүний амь нас чухал шүү дээ гэх бодлоосоо шалтгаалан цагдаад мэдэгдэхгүй өнгөрөх нь тун элбэг болоод байгаа тухай Луо эрдэмтэн олж тогтоожээ. Энэ бол хэт чанга хуулийн СУГАН ДООГУУРХИ ХИЙ юм. Хууль бол дээр дурдсан шиг ухаан зарж засан хүмүүжүүлж, эмхлэн төвхөнүүлэх учиртай. Хэт хатуу хуулийн үр дагавар нь гэмт үйлдлийг далд хэлбэр лүү шилжүүлдэг маш том сул талтай. Үүн дээрээс бид цаазаар авах ял нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг багасгадаггүй, харин ч ял шийтгэлээс оргон зайлж хуулийн СУГАН ДООГУУРХИ ХИЙгээр “шур” гээд гараад гүйх боломж олгоно гэдгийг тодоос тод харах боломжтой байна. Тэр ч бүү хэл гэмт хэрэгтнүүдийг даврааж өөгшүүлэх нөхцөл олгодог. Хатуу хуулийн дор дарагдсан далд орон зайд ямар ямар аймшигт хэргүүд гарч байсаныг бид мэдэж л байгаа. Хүүхдийг алаад мөстэй хайрцаганд хийгээд явж байхыг бид харсан, мөчлөөд эрхтэний наймаанд тээвэрлэж байхыг бид харсан. Цаазын ялтай байж яагаад тэнд оршсоор байна вэ???? Яагаад…?

Гэмт хэрэгтнүүдийг үзэн ядах нь зөв үү? Мэдээж ТҮМЭН ЗӨВ. Цаазаар авдаг болгомоор байна уу? Мэдээж өш хонзон, хорсол зэвүүцлээ бодвол ДЭМЖМЭЭР БАЙНА. Гэвч энэ бол шийдэл биш юм. Шийдэл хаана байна вэ гэж үү? Үүнийг бичиж байгаа надад, үүнийг уншиж байгаа танд, зэрэгцэн оршиж байгаа бид бүгдэд байна. Зах замбараагүй архиддагаа боль!!! Захаасаа аваад үргэлжилсэн буудлуудаа цэгцлэ!!! Утга учир нь мэдэгдэхгүй завхарсан их баяруудаа боль… тэр чинь архидах үндэс болоод байна. Порно саятуудаа нээ… Тэр нялх хүүхэд хүчиндэж байгаа гаж донтонгууд баруун гартайгаа найзлаг!!! Төлөвлөгөөгүй гэр бүл зохиодогооо боль… Доодохоо захирч чадахгүй төлөвлөгөөгүй нэг хүүхэдтэй болж, хүсээгүй хүнтэйгээ суучихаад түүнийхээ ялыг тэр юу ч мэдэхгүй гүйгээд ирсэн нялх амьтанд гаргадагаа боль!!! Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргаж байгаа кино нэвтрүүлгээ хяна!!! Зах замбараагүй аллага хядлага хүчирхийлэл… Энэ бүгдийг чинь үзэж өссөн сэтгэцийн донтонгууд нас биенд хүрээд харгислал гээчийг утгаар нь үйлдээд эхэллээ… Иргэн бүр НҮДЭЭ НЭЭ… Хажууд чинь ёс бус зүйл харагдвал түүний хажуугаар битгий НҮДЭЭ АНЬ!!! Асуудлын учир бидэнд байна

АРААТАНЫГ ШИРЭНГЭД БИШ ЦИРКИЙН МАНЕЖИНД СУРГАДАГ ЮМ!!!!

Ц.Мөнхсайхан. 2018.04.03


URL:

Сэтгэгдэл бичих