Зэсийн үнэ өсч байна
Европ болон АНУ-ын эдийн засагт бага зэргийн нааштай төлөв ажиглагдаж, хөрөнгө оруулагчдад найдлага төрүүлснээр аж үйлдвэрийн металлуудын үнэ өсчээ. ОУВС Евро бүсийн өрийн хямралыг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэж магадгүй байгаа тухай өнгөрсөн баасан гаригт “Bloomberg” дамжууллаа.
Түүнчлэн АНУ-ын ажилгүйдлийн түвшин арваннэгдүгээр сарын таамаглалаас багасан 31 сарынхаа доод түвшинд хүрсэн байна. Үүнээс болж өнгөрсөн сард доошлоод байсан аж үйлдвэрийн металлуудьш ханш өсчээ. Тухайлбал, Лондоны металлын биржид хоёрдугаар сард борлуулах никелийн үнэ 5.9 хувиар дээшлэн тонн нь 17740 ам.доллар болов.
Энэ онд уг металлын ханш нийт 28 хувиар буураад байлаа. Торонто дахь хөрөнгийн биржид “Металлуудын ханшинд макро эдийн засгийн төлөв ихээхэн нөлөөлж байгаа” гэсэн яриаг эдийн засагчид хэлж байна. Эрэлт нь нэмэгдэж буй зэсийн үнэ сүүлийн 40 гаруй хоногт анх удаа өсөх хандлагатай байсныг трейдерүүд мэдэгдэв.
“Bloomberg”-ийн 24 шинжээчийн 12 нь энэ долоо хоногт уг таваарын үнэ дээшилнэ гэж таамаглаж байгаа. Харин Лондон дахь хөрөнгийн биржид зэсийн эрэлт өснө гэдэгт эргэлзээтэй байгаа гэж эдийн засагчид мөн үзэж байна.
Ирэх онд зэсийн эрэлт 2.5 хувиар өсөх ч магадлалтай гэсэн төсөөлөл гаргаад байгаа. Өнгөрсөн баасан гаригт Лондоны металлын биржид зэс, хөнгөнцагаан, хар болон цагаан тугалга, цайрын үнэ дунджаар 7.4 хувиар өсчээ. Харин өмнөх сард 11 хувиар буураад байсан.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: