Блокчейнд учир бий

05(608)Баруун Африкийн Сиерра Леон нэгэн үйл явдлаар дэлхийд анхдагч болж нэрээ үлдээсэн нь блокчейн технологийг ашиглан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг бүртгэж хянасан явдал байлаа.

Швейцарийн “Agora” компани сонгуулийн санал хураалтын үйл явцыг блокчэйн технологид суурилуулан хөгжүүлэхээр зориглон Сиерра Леон улстай хамтран ажилласан нь энэ юм. Иргэний дайн төгсгөл болсон хэдий ч сонгууль (тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль энэ жилийнхтэй нийлээд дөрвөн дэх удаагаа зохиогдсон) маргаан, хүчирхийлэл дунд өрнөдөг учир Сиерра Леоны эрх баригчид энэ удаа нээлттэй, ил тод байдлыг хангах үүднээс блокчэйн технологийг хэрэглэхээр шийдсэн байна.

Гэхдээ анхны блокчэйн технологид суурилан явагдсан сонгуулийн үйл явц нь зөвхөн саналын хуудсуудыг бодит цагийн горимд (realtime) тоолж бүртгэх, хүн бүрт энэхүү нэгдсэн мэдээллийн санд хандаж, хянах боломж олгосон аж.

Тайлбарлавал иргэд саналын хуудсаа бөглөсний дараа саналыг нь тусгай эрх бүхий этгээд блокчэйн сүлжээнд бүртгэж авна. Санал хураалтын үр дүнг бүртгэх төвлөрсөн бус мэдээллийн санд бичих эрхийг хөндлөнгийн ажиглагчид, Улаан загалмайн нийгэмлэг, Швейцарийн холбооны Технологийн хүрээлэн, Фрибургийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл авсан бол бусад хүмүүс мэдээллийн санд унших эрхтэйгээр хандах боломж олгожээ.

Криптовалют гэх ойлголттой сүүл, толгойгоороо холбогдон яригдах болсон блокчейн технологи нь үнэндээ криптовалюттай холбогдсондоо ч тэр үү хардлага сэжиг төрүүлэх болсон.

Хүн төрөлхтний ашиглаж байсан гурван төрлийн технологийг маш онцгой комбинацаар нийлүүлж бий болгосон блокчейнийг цоо шинэ, эсвэл хуучин технологи гэж дүгнэхэд ч түвэгтэй. Нийлүүлж комбинацилсан гурван технологи нь тус тусдаа бол шинэ зүйл огтхон ч биш.

Хүмүүсийн хэрэглээнд өргөн ашиглагдаж эхлээгүй, дөнгөж эхэлж байгаа хэдий ч олон компани, улсын байгууллагууд, хувь хүмүүс блокчейнд өөрсдийн зүгээс янз бүрийн хөгжүүлэлт хийн туршиж үзсээр, энэ бүхэн нь түүнийг улам төгөлдөржүүлсээр байгаа юм. Блокчейн технологи хөгжсөнөөр нийгэм, эдийн засаг, хувь хүмүүс төдийгүй төрийн хоорондын харилцааны арга хэлбэрүүд шинэ төвшинд очих болно.

Олон зуун сая компьютерыг холбосон сүлжээнд болж буй үйл явдлыг бүртгэдэг, хүн бүрт нээлттэй, хамгийн гол нь зөвхөн үнэн бодит зүйлийг бичин бүртгэх боломжтой технологийг блокчейн гэж тодорхойлж болно.Тухайн сүлжээнд бичигдсэн зүйлийн үнэн бодит эсэхийг сүлжээнд орсон бүхэн хамтран баталгаажуулна.

Криптовалют бол блокчейн технологийн хэрэглээний нэгээхэн жишээ болохын зэрэгцээ дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй эрх мэдлийн төвлөрлийг дэлхийн нийт иргэдэд тарааж байгаа юм.

Биткойнчдын хувьд блокчейныг үнэн бодитой хэмээн нийт 3’500’000 TH/s компьютерын бодолт хийх хүчин чадал баталгаажуулж байгаа нь дэлхийн хамгийн том 10 000 банк өөрсдийн бүх компьютерынхаа хүчин чадлыг нийлүүлснээс ч илүү баталгаа болж байдаг.

Манай улсын иргэдийн хувьд бүх зүйлд итгэх нь бага. Төрийн албан хаагчид авлигад идэгдсэн, мөнгө угаах зэрэг үйл ажиллагаа, далд эдийн засаг хөгжсөн ч гэдэг. Энэ бүхнийг зогсоох, цаашид сэргийлэх боломж ч блокчейнд бий.

Монгол Улсын мөнгөний нийлүүлэлтийн долоон хувь нь бэлэн буюу нэг төгрөгөөс 20 мянган төгрөгийн дэвсгэртээр, 93 хувь нь банкуудын компьютерт тоон хэлбэрээр хадгалагдаж буй.

Блокчейнд учир бий “Эгэрэг” буюу Монголын хамгийн анхны цахим мөнгийг бий болгохоор зорин ажиллаж буй М.Хасчулуу

“Эгэрэг” бол криптовалютын үнэ ханш тал дээр ач холбогдол өгөхгүй зөвхөн техник технологи, шийдлийн тал дээр илүү ач холбогдол өгч байгаа.

Доллар, юань гэх мэт валюттай харьцаж байгаа ханш гэхээсээ илүү монгол төгрөгтэйгөө уялдсан, блокчейны ажилладаг технологи дээр ажилладаг валют гаргаж ирэхийг зорьж байгаа “Эгэрэг”-ийнхний хувьд блокчейн технологид суурилсан цахим мөнгө гарган эрсдэлгүй, хурдан шуурхай, бодит төлбөр тооцооны хэрэгсэл болох талыг илүү анхаарч байгаа аж.

“Бидний зорилго баян болох биш, одоо байгаа онлайн төлбөр тооцооны хүндрэл, тренд болж байгаа блокчейн зэрэг технологийн шийдлүүдийг оруулж ирэх, нэмээд Монголбанк Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн журмаа батлан, түүнд нь “Эгэрэг” зохицоод албан ёсны цахим мөнгө болчихвол дэлхийн хамгийн анхны, Засгийн газар нь хүлээн зөвшөөрсөн криптовалют болно гэсэн үг”хэмээн ярих М.Хасчулууны ярьсанчлан Монгол Улс цахим мөнгөтэй болж түүгээрээ зах зээлд чөлөөтэй оролцдог болох нь олон давуу талыг авчрах боломжтой. Нийтээрээ хянах боломжтой хэрнээ хакердах, луйвардах, элдэв төрлийн залилан хийхээс бүрэн сэргийлэгдсэн технологид суурилсан цахим мөнгөтэй болсноор иргэд санхүүгийн эрх чөлөөтэй хэрнээ эрсдэлгүй гүйлгээ хийх боломж харагдаж байгаа юм.

Төв болон арилжааны банкуудын ашигладаг төлбөр тооцооны нууцлалын системийг блокчэйн технологид суурилуулан нээлттэй болгосноор хэн нэгний эзэмшилд байдаггүй бүртгэл тооцооны томоохон тогтолцоог үүсгэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл төлбөр тооцооны системийг төвлөрсөн удирдлагагүй, хэн ч хэрэглэж болохоор, нэгэнт бичигдсэн мэдээлэл устаж, өөрчлөгдөх боломжгүй болгох юм.
Компьютер дээр байгаа өнөөх 93 хувийн тоон хэлбэртэй мөнгө хэмээх файлыг өөр данс руу зөөх, эсвэл нэг төгрөгийг хэд ч болгон хувиргаж бусад хүмүүс рүү шилжүүлдэг луйврын асуудлыг блокчэйн шийддэг болно.

Криптовалют гурван шинж чанарыг агуулсан байдаг. Нэгд, мэдээж цахим хэлбэртэй буюу биет бус байдаг. Хоёрт, талууд мэдээллийг дундын зуучлагчгүй шууд солилцдог. Өөрөөр хэлбэл, криптовалют эзэмшигч ямар ч банктай харилцах шаардлагагүй хүссэн хүнтэйгээ шууд санхүүгийн гүйлгээ хийж болно. Гуравт, төвлөрсөн бус системтэй буюу криптовалютыг аль нэг улсын Төв банк гаргадаггүй. Энэ гурван шинж чанарыг агуулдаг суурь технологийг блокчэйн гэнэ.

Syndicate Talk 17

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Цахим мөнгөний тухай хууль нь одоо байгаа банк санхүүгийн алдаа дутагдлыг засах зорилготой ч журам нь засахаас илүү хуулбарласан байдалтай байгаа талаар М.Хасчулуу дурдсан. Энэ нь банкны үйл ажиллагаанд гарч байгаа алдаануудыг засахаас илүүтэй журмандаа баригдаад засч чадахгүй байх магадлалтай аж.

“Жишээ нь, иргэд банкин дээр биеэр очиж 100 сая төгрөг бэлнээр аваад нөгөө банкинд очиж бэлнээр тушаах гүйлгээ шууд зөвшөөрөгддөг. Тэгсэн атлаа ижил дүнтэй онлайн гүйлгээг 1 сая төгрөгөөр хязгаарладаг. Гэхдээ энэ бүх асуудлыг криптовалют хэрэглэж, блокчейн технологиор шийдвэрлэх боломжтой гэдгийг бид гаргаж ирээд хийх гэж байхад журам нь тодорхой хэмжээгээр саад болж байна гэж үзэж байгаа. Тиймээс л журмыг зөөллөх, өөрчлөх талаас нь саналаа явуулсан” гэдгээ М.Хасчулуу тайлбарласан юм.

Нийт хүн амынх дунд 2.4 сая ухаалаг утас ашиглагдаж, 30 сумаас бусад нь интернэтэд холбогдсон манай улсын хувьд цахим мөнгөний гүйлгээг блокчеийн технологи ашиглан заавал аль нэг банкны өндөр шимтгэл төлж гүйцэтгэх, төлбөрийн карт ашиглалгүйгээр, ямар нэгэн дундын санхүүгийн байгууллагуудаас хамааралгүй, аюулгүй хурдан шуурхай үйлчилгээтэй өгч, авах боломжтой гэсэн үг. Зөвхөн эдийн засгийн салбарт бус Сиерра Леонд ашигласан шигээр сонгуульд ч ашиглах боломж нь нээлттэй юм.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих