“Мобиком корпораци”-ийн 98.85 хувийг Япончууд эзэмшиж, бидний мэдээлэлд хяналт тавьж байна
Монгол Улсын харилцаа холбоо хэний мэдэлд байгаа вэ асуудлаар сэтгүүлч М.Наранбаатар, хуульч Х.Бат-Ялалт нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд “Монголын харилцаа холбоог гадныхан хянаж, монголын эрх мэдэлтэнүүд албан тушаалтнууд гадаадынхны хяналтад үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.
”Мобиком корпораци”-ийн 98.85 хувийг Япончууд эзэмшдэг байна. Тодруулбал, 63.9 хувийг Голланд улсад бүртгэлтэй Япон улсын “Кай-Ди Ди-Ай Оворсийз Холдинг Би Ви” компани, Голланд улсад бүртгэлтэй Япон улсын STGM компани 34.9 хувийг, 1.15 хувийг Монгол улсад бүртгэлтэй “Ньюком” ХХК эзэмшдэг гэсэн мэдээлэл байдаг юм.
Тус компанийн охин компани болох “Мобиком нэтворкс” ХХК “Улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг эзэмшдэг аж. Ингэхдээ транзит, жижиглэн, бөөний эрхийг эзэмшдэг юм байна. Хуулиараа нэг компанид энэ гурван эрх нь зэрэг байж болдоггүй аж. Тиймээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгожээ.
Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгч Л.Батбаатар захирамж гаргаж, эрхийг нь сэргээсэн байна.
Сэтгүүлч М.Наранбаатар үргэлжлүүлэн “Үндсэндээ бидний интернэтээр дамжуулж буй мэдээлэл, мобикомын хэрэглэгч бүрийн мэдээллийн урсгал гадаадынхны хяналтад байна” гэв.
Хуульч Х.Бат-Ялалт “Мэдээллийн аюулгүй байдал гэж алга. Монгол Улсын анхдагч, хамгийн том компани Японы мэдэлд байна. Энэ компани бидний мэдээллийг ямар ч хяналтгүйгээр авч байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд хандаж байна. Үндэсний аюулгүй байдлыг шалгуулмаар байна” гэлээ.
http://www.imedee.mn/read/234b7dfa
URL: