С.Баярцогтыг суллах уу, үргэлжлүүлэн хорих уу

rgrgЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас саатуулан шалгаж байна. Тэднийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Тэднийг сэжигтнээр татан шалгаж буй. Сэжигтнээр татан шалгаж байхад хоригдох хуулийн хугацаа 72 цаг юм. Харин Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Баярцогт нарыг яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа Нийслэлийн Прокурорын газарт өчигдөр тавьсан юм. Прокуророос цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.

Тодруулбал, шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.00 цагаас болно. Шүүхээс С.Баярцогтыг суллах уу, үргэлжлүүлэн цагдан хорих уу гэдгийг шийдэх юм.

Шүүхийн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих