Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах нь МАН-ын шийдвэр үү? М.Энхболдын шийдвэр үү?

712-1522634657208719-06062017-1496741537-1391751051-DSC06261-172758-236631396Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубай хотноо байгуулсан далд уурхайн гэрээтэй холбоотой асуудлаар Авилгалтай Тэмцэх Газар нэр бүхий улс төрчдийг шалгаж буй билээ. Мөн л энэ цаг үед МАХН, МҮАН, ИЗНН, МНН хамтран 2009 онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахыг УИХ-аас шаардаж байгаа. Ийм нөхцөл байдалтай зэрэгцэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 3 сарын 23-нд захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан нь анхаарал татаж буй юм. Тэр бүү хэл мөнөөх ажлын хэсэгт нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир,  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар буюу “Оюутолгой”-ын хөрөнгө оруулалтын гэрээнд илт шүүмжлэлтэй ханддаг буюу эсвэл М.Энхболдын баг гэгддэг гишүүд багтсан аж. Энэ бүхэн нь санаандгүй тохиолдол уу? эсвэл зорилготой юу гэдэг нь удахгүй тодорхой болох биз. Түүнчлэн ер нь Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах нь МАН-ын шийдвэр үү? М.Энхболдын шийдвэр үү? гэдэг нь хариулт нэхэж буй юм. Учир нь уг гэрээ МАН-ыг УИХ-д олонхи байх үед буюу 2009 онд батлагдсан билээ. Хэдийгээр С.Баярцогт, Л.Гансүх нарын АН-ын гишүүд гэрээг батлахад оролцсон гэх боловч МАН-ын гишүүд олонхийг нь бүрдүүлсэн УИХ л эцсийн шийдвэрийг гаргасан юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нар мөн өнөөдөр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдтой уулзах хүсэлт гаргажээ.
Уг хүсэлтэд “Сүүлийн үед “Оюу толгойн ХОГ”-тэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж энэхүү гэрээ Монгол Улсын ашиг сонирхолд нийцэж буй эсэх, Үндсэн хууль зөрчсөн эсэх, “Оюу толгойн орд” хэмээх томоохон ашигт малтмал нийт ард түмэндөгөөжөө ижил тэгш өгч буй эсэх зэрэг эргэлзээ нийгэмд давамгайлах боллоо. МАХН, МНН, ИЗНН, МҮАН нь “Оюу толгойн ХОГ” нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын талын ашиг сонирхолыг тусгаагүй, “Оюу толгойн орд”-ын өгөөжийг гадаад, дотоодын цөөн тооны олигархууд давуу эрхтэйгээр хүртэж, ард түмэн огт хүртэхгүй байна гэж үзэж байгаа учир энэхүү гэрээг нэн даруй цуцалж шинээр байгуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа бөгөөд бидний байр суурийг ард түмний дийлэнх олонхи нь дэмжиж байгаа болно.
Олон түмний анхаарал татсан энэ асуудлаар Улсын Их Хурал ямар байр суурь илэрхийлэхийг ард түмэн анхааралтай ажиглан хүлээж байна. Бид “Оюу толгой ХОГ”-г цуцлах асуудлаар Улсын Их Хурал болон түүний ажлын хэсэгт байр сууриа нарийвчлан танилцуулах шаардлагатай байгаа тул Тантай болон УИХ-ын ажлын хэсэгтэй яаралтай уулзах хүсэлт илэрхийлж байна” гэжээ.
Э.Мягмар
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих