Би Монгол хүн
Одоогоос 51 жилийн тэртээ Хятадад соёлын хувьсгал гээч юм гарч үүнд Өвөр Монголын ард түмэн хамгийн их хэлмэгдсэн гэдэг. Манай Өмнөговь аймагтай хил залгаа оршдог ӨМӨЗО-ы Баяннуур аймагт бүр тодруулбал Буянт гэдэг хошуунд малчин Гүндийнх аж төрдөг байжээ. Гүнд хааяа хойшоо хил давж Ар Монгол руу яваад ирдэг, тэндхийн ганц нэг албаны хүмүүсийг зүс таньдаг байсан нь нутаг хошууны хятадуудад хардагдаж сэрдэгдэх болсон байна. Улаан хамгаалагч нар тэдний том хүүг бариад явчихлаа. Байдал улам эвгүй тал руугаа ороод ирмэгц Гүнд эхнэр Өлзийхутаг, арван настай охин Чимэдцэрэн нарыгаа аваад тэмээнээсээ гурвыг шилж унаад говь гатлан хойшоо зугтаажээ. Хүмүүст хар авахуулахгүйн тулд гэр бараа мал хуйгаа тэр чигт нь хаяад өмссөн хувцастайгаа Ар Монгол руу жонжуулаад хилээр ороод ирсэн байна. Гүнд гуайн зөрчсөн тэр хил орчим бол одоо ч эл хуль цөл бөгөөд нутаг мэдэхгүй хүн бол харангасч үхдэг газар юм. Хятадын харуул манааг эсэн мэнд баригдалгүй өнгөрөөд шууд Монгол хилчид дээр яваад очжээ. Өмнөговийн хилийн цэргийн зүс мэдэх офицер тэр гурвыг хэд хонуулаад аймгийн төвд аваачсан байна. Аймаг зардлыг нь даагаад царцаа ногоон онгоцоор хот руу аваад явлаа. Тэгээд хотод ирээд нэг их олон хонолгүй оргодол гуравт нутаг заан өгч Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд туслах малчнаар хуваарилсан байна. Энэ явдал 1965 онд болжээ.
Нэгдэлд ирээд сумын аварга малчин Дамдинсүрэн гэдэг айлын хамжаа болж, гэр бараа олгож, хөдөлмөр хөлс гээд цалин өгдөг болсон байна. Тэгээд яахав бусдын жишгээр сайхан амьдарч, Төв нутгийнхны гадны хүмүүсийг гадуурхдаггүй занд уусан Туулын хөндийн уугуул айлын тоог нэгээр нэмсэн. Харин тэднийг хэзээ ч Монгол Улсын иргэн болгосонгүй. Суман дахь НАХЯ-ны мэдээлэгч нар ил далд үргэлж ажиглах ба байсгээд л Гүндийг сумын хэсгийн төлөөлөгч танихгүй хүмүүстэй ирээд аваад явчихна. Тэр үед Чимэдцэрэн гуай жаахан хүүхэд байсан болохоор аавыг нь хааш нь авч оддог байсны учрыг одоо болтол мэдэж чадаагүй өнгөрчээ. Ямартай ч аав, ээж хоёр нь сумынхаа төв рүү хаа нэг ордог, зэргэлдээ сум руу ч очдоггүй юм уу хориглодог байсан юм уу явдаггүй байсаар насыг элээжээ. Хорвоогийн жамаар хоёр хөгшин цувран бурхны орондоо явж, Чимэдцэрэн ч нас биед хүрч айлын авгай болсон.
Өвөр Монголоос ирсэн жил арван настайдаа нэгдүгээр ангид орж дөрөв төгсөөд буцаад мал дээрээ очсон. Цааш сургууль номонд явахыг хэсгийн төлөөлөгч зөвшөөрөөгүй бололтой юм билээ. Мань охин ч бөөн баяр гэртээ харьчихсан. Гүнд өвгөнийг нэгэнт Монголын харьяат болгоогүй болохоор эмнэлэг, сувилал, амралт, Үйлдвэрчний эвлэл гэх мэт төр засгийн үйлчилгээнд хамрагдуулаагүй. Тийм болохоор өвдөх төрөх эрхгүй чигээрээ хоцорчээ. Хожим ганц охин Чимэдцэрэн нь сонгууль ч өгөх эрхгүй яваад байгаадаа санаа зовж иргэншлийн талаар зөндөө хөөцөлджээ. Нөхөр хүүхдүүд нь бүгд эх оронтой атал гадаадаар ганц мэнд ч мэдэхгүй хөдөөний хөгшин харийн хүн байгаад байдаг. Миний асуудал юу болж байна гээд хааяа нэг хэсгийн төлөөлөгч дээр ордог. Судалж байгаа. Болохгүй байна аа гээд л гаргадаг байсан байгаа юм. Одоо бодож байхад эдний царайг харж байхаар өөрөө эртхэн яваад үзсэн бол яах байсан бол гэж ярьж сууна лээ.
Гүнд гуайн гэр бүл дэх бичиг баримтын зөрчил хүргэн Самданд харин сайнаар нөлөөлдөг байжээ. Өвөр монгол хадмууд нь малд үнэн сайн. Дэргэдээс нь холдоно гэж ёстой байхгүй. Өвс тэжээл бүх юмыг нь хийгээд өгчихнө. Мань эр яахав дээ. Хөдөөний харцуулын жишгээр “адуугаа эрж яваа” гэх мэтийн үндсэн ажлаа хийнэ. Ард нь байгаа хэд сумын аваргын, аймгийн аваргын, бүр улсын аваргын болзлыг хангаад орхино. Даанч Монголын харьяат бус болохоор хамаг алдар суу Самдан дээр бууна. Тэгээд мань эр сурвалжлагч хараад тэвддэг болсон учраа тайлж бөөн инээд болцгоосон юм.
-Дээхнэ үед “Элбэг дээл” гэдэг зохиол байлаа. Тиймэрхүү л юм болж байжээ дээ?
-Бид бүр тэрнийг чинь уншаад ярьцгаадаг байсан. Манай гэр бүлийн өөр юм гэвэл Самдангийн элбэг дээлийг өмсөх эрхтэй хүн байгаагүй дээ.
Ийн явж явж саяхан оны өмнөхөн гэнэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг гарч намайг Монголын харьяат болохыг зөвшөөрлөө шүү дээ гэж хөгшин яриагаа дуусгасан юм.
Тэгээд таныг харьяат болгоход юу асууж байх юм? гэхэд “Өө танаас асуугаад байх юм алга. Харин бидэнд заахаар хүн байна. Уг нь монгол ёс заншил энэ тэр асуух юм зөндөө байдаг л даа” гээд инээгээд байсан. Надтай хамт нэг айхтар буриад авгай орж байсан. Их номтой хүн бололтой юм билээ. Тэр бас Монголын харьяат болсон байх. Орос царайтай хүмүүс голдуу хөлхсөн газар юм билээ. Би учрыг нь сайн ойлгоогүй. Одоо тэгээд иргэний үнэмлэхээ авахын тулд төрсний гэрчилгээ шинээр авч байна. Төрсөн газар гэхээр яалт ч үгүй Өвөр Монгол Баяннуур гэж бичдэг юм билээ. Нэгэнт иргэн нь болж байгаа болохоор нөгөө далан мянгаа авахаар нэрээ өглөө. Нэгдэлд насаараа ажилласан тэтгэврээ хөөцөлдөнө. Хамгийн сайхан юм нь гэвэл сонгуульд саналаа өгч үзнэ дээ. Эгч нь энэ ардчиллыг дэмждэг байсан. Болдогсон бол саналаа өгөх юмсан гэж олон жил мөрөөдсөн дөө…” гэж цайлганаар инээж суув.
-Нас ахихаар нутаг хошуу бодогдох юм уу?
-Би чинь Лүндээ өсөөд өтөлж явна. Өөр нутаг ус мэдэхгүй шүү дээ. Тээр жил аавын дүүгийн хүүхэд гээд нэг хүн ирсэн. Овоо гайгүй явдаг юм шиг байна лээ. Тэгээд л сураг тасарсан. Одоо хүүхдийнхээ хүүхдийг хараад сумын төв дээр сууж байна. Эд нараас минь өөр ах дүү төрөл садан бодогддоггүй. Бид хоёр сургууль тарахаар бушуухан хөдөө гарч хэдэн мал дээрээ очихын түүс болж сууна даа хэмээн хууч хөөрсөөр өнжлөө. Сумын төв дээр ажил бага тул хийгээд байх юмгүй баахан уйддаг бололтой. Үе тэнгийн бололтой авгай орж ирэн ярианд оролцож, цай уугаад гарна. Өвгөний садангийн охин гал тогоонд туслалцан түлээ мод дөхүүлнэ. Гадаа хаврын нар ээж гэрийн ар дахь цас хайлан шоржигнотол урсана. Дуучин Вандан, Дуламсүрэн хоёр суман дээр ирж хэрхэн концерт тоглосон тухай яриа өрнөж эхлэхийн алдад бид дараагийн айлдаа очихоор “аяны дөрөө”-гөө чангалан улаа бутран гарцгаав.
URL: