Өнөөгийн нийгэмд шударга дуугарсан хэн бүхэн хохирогч болон үлдэх цөвүүн цаг ирсэн үү?
Хэнтий аймагт сүүлийн 4 жилийн турш хөрсний алаг чулууг түүвэрлэж Хятадуудад өндөр үнээр зарж борлуулах болжээ.
Тус аймгийн энгийн иргэдээс авхуулаад газар газраас ирсэн хүмүүс алтны нинжа адил бүлэг болж Хэнтий аймагт суурьшин уг үйл ажиллагааг явуулж ирсэн байна. Хөрсний алаг чулуу нь хөрсөнд ус чийгийг хадгалж, тэнцвэржүүлэх үүрэгтэй хөрсний гол амин сүнс гэнэ. Харин эх орон, байгаль, нутаг усаа гэх сэтгэлгүй хүмүүс уг чулууг их хэмжээгээр түүвэрлэхдээ хөрсийг ухаж, синдийлж орхидог гэнэ. Үүний улмаас тус аймагт өвс ургамал ургахаа больж малын бэлчээргүй болохоос гадна нутаг ус нь гандаж байгаа тухай тус аймгийн иргэн яруу найрагч С.Шүрэнцэцэг мэдээллээ.
Эдгээр хүмүүсийн эсрэг тууштай тэмцэж ирсэн Хэнтий аймгийн Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргал хөрсний алаг чулуу түүвэрлэхээр ирсэн хэсэг бүлэг хүмүүст үйл ажиллагаагаа зогсоож буцах талаар шаардлага тавьсныхаа төлөө бүлэглэн зодуулж эрүүл мэндээрээ ноцтой хохирчээ. Г.Тайванжаргал уг хэргийн улмаас 2 удаа хагалгаанд орж нэг нүдний харах чадвараа 15%-тай авч үлдэж чадсан байна. Мөн тус аймагт бүлэглэн ирдэг тэдгээр хүмүүс айлын бэлчээрт буй хониноос хулгайлж идэх, адуундаа явсан малчны араар эхнэрийг нь хүчирхийлдэг тухай иргэн С.Шүрэнцэцэг мэдээлсэн юм. Энэ мэтчилэн өнөөгийн Монгол улсад шударга дуугарсан, шударга үнэний төлөө явсан нэг нь амь нас эрүүл мэндээрээ хохирсоор үлддэг жишээ үүгээр дуусахгүй. Шударга бус нийгэмд шударга бус амьдрах ёстой юм гэж үү?
О.Пүрэвмаа
www.Dorgio.mn
URL: