Орон нутгийнхан гэнэтийн ашгаараа шавар овоолсоор байх уу
Сум, орон нутгууд өөрийн газар нутаг, байгалийн баялгаасаа хамаарч орлого төвлөрүүлэх нь бий. Монгол хүн болж төрснийхөө үр шимийн энэ цаг мөчид л хүртдэг байх. Гэвч үр ашиггүй зүйлд зарцуулж, өөрсдийн халаас руу шургуулахыг л манай албан тушаалтнууд маш сайн хийх юм. Ичиж, санаа зовохоо ч байсан бололтой. Хууль, хяналтын байгууллага ч шалгаж, хариуцлага тооцдог системгүй болчихсон байна.
Жишээ нь Төв аймгийн нэгэн сум уул уурхайгаас 500 сая төгрөгийн орлого олж л дээ. Гэнэт орж ирсэн мөнгийг хааш нь хийх вэ, яаж зарцуулах вэ гээд нэлээд дөвчигнөсөн бололтой юм. Ингээд энэхүү орлогынхоо 104 саяаар нь уулын орой дээр завилаад сууж байгаа бурханы хөшөө барихаар болж ИТХ-аар уг асуудлыг хэлэлцүүлсэн байгаа юм. Сум орон нутагт бурхан багшийн хөшөө л дутаж гэнэ дээ. Өөр шийдвэрлэчихмээр асуудал байгаагүй гэж үү гээд асуухаар бас сонирхолтой. Уг нь спорт заал байгуулья гэсэн санал гарсан байгаа юм. Гэвч түүнийг нь хүлээж аваагүй гээд л бодчих.
За спорт заалаа больё. Замаа засч, эмнэлгээ өргөтгөж болохгүй байсан гэж үү. Эсвэл энэ бүгдийг заавал төсвийн мөнгөөр хийж, сул орж ирсэн ашгаа бурхан багшийн хөшөө барих мэтэд зарцуулсаар байх юм уу.
Яг ийм үйл явдлыг Орхон аймагт болж байсныг санаж байна. Ойн баяр тохиож байгаатай холбогдуулан хотынхоо өмнөд хэсэгт бурхан багшийн хөшөө босгож байлаа. Энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэрээс өгсөн байдаг. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр бурхан багшийн хөшөө босгоорой гэж бус харин хотынхоо ойд зориулж хэрэгтэй зүйлд зарцуулаарай л гэж өгсөн байх. Тэгсэн Төв аймгийн нэгэн сумын дарга нар шиг л гэнэт орж ирсэн орлогоо яаж үрэх вэ гэж хэлэлцэж байгаад бурхан багшийн хөшөө босгочих нь тэр л дээ.
Улаанбаатарыг бодвол орон нутагт зам гээд сүйд болоод байх зүйл байдаггүй байх. Мөн эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй байдаг болов уу. Иргэд нь ч хийх ажлаа хийгээд олох орлогоо олоод явдаг болохоор орон нутгийн удирдлагуудад гэнэт орж ирсэн орлогоо хааш нь хийх вэ гэдэг нь хүндхэн асуудалтай тулгардаг байж болох л юм. Тэгээд л элдэв шавар хөшөө босгоод явдаг юм болов уу. Атаархал ч төрөөд байх шиг.
Ugluu.mn
URL: