Төрийн нарийн, дэд сайдуудаа солих уу, Танхим тэр чигтээ огцрох уу?
Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн МАН бужигнаж, дэд сайд болон зарим Төрийн нарийн бичгийн даргыг хольж солихоор болжээ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа салбарын сайд нараа шинэчилсэн ч дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарт гар хүрээгүй.
Ямартаа чуулганы хуралдаан дээр “Би дэд сайд нарыг буруу гэж үздэггүй хүн. Ажил хийж байгаа, ажил хийж чаддаг хүнд тухайн ажил нь асар их байгаа. Яамдын ажил. Нэг сайд нь гадаад дотоод явна. Хөдөө орон нутагт явна. Томилолтоор явна. Хүн юм болохоор өвчин зовлон тохиолдоно. Орлох хүн байдаггүй. Засгийн газрын хуралдаандаа ирэх хүн байдаггүй. Хөдөө ажлаар явах хүн байдаггүй. Ажил цалгарддаг” гэж байв.
Удалгүй буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаан дээр 13 яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг байлцуулж, үүрэг даалгавар өгсөн. Ингэхдээ тэрбээр “Хууль бусаар хэн нэгнийг ажлаас халж болохгүй. Гэхдээ ажлын шаардлага хангахгүй, алдаа гаргасан, төрийн хууль тогтоомж зөрчсөн, хүнд суртал гаргасан нөхдийн толгойг илж болохгүй. Энэ Засгийн газар бол хууль хэрэгжүүлэх ёстой. Сахилга бат, дэг журам ажлын хариуцлагыг сайжруулах үүрэгтэй. Хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хуулийг мөрддөг, биелүүлдэг байх ёстой” гэдгийг хатуухан сануулсан юм. Мөн Засгийн газарт асуудал оруулахдаа хууль журмын дагуу бусад салбарын саналыг ч заавал тусгасан байх шаардлагуудыг танилцуулсан.
Мэдээж эдгээрийнхээ араас “Би ганц ч дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь хөдөлгөөгүй шүү” гэх үгийг дайж байлаа. Тэгвэл гүйцэтгэх засаглалын тэргүүний шаардлагыг хангаагүй хэд хэдэн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэх яриа улс төрийн хүрээнд нэлээд хүчээ аваад байна. Уул уурхайн дэд сайд Д.Загджаваас эхлэн халаа, солио хийгдэнэ гэдгийг эх сурвалж хэлж байна. Нефтийн асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийж, шатахууны үнийн бодлогын зөвлөлийн ажлаа хариуцлагагүй хийсэн гэхчлэн хэд хэдэн үндэслэлийг жирийтэл жагсаачихсан байгаа бололтой. Үнэндээ ч сүүлийн үед Д.Загджавын оронд хэн очих вэ гэх асуулт хариултаа нэхсээр удаж байгаа.
Мөн сайд нартайгаа сайнгүй харилцаатай хэд хэдэн дэдийн нэр ч чих дэлсч байна. Нөгөөтэйгүүр салбарын сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа шахаж, зайлуулдаг явдал МАН-д амжилттай хэрэгжиж, бараг уламжлал болсон. Энэ дагуу Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудлыг ч багтаан товложээ. Хоёр ч Төрийн нарийн бичгийн дарга хууль бусаар ажлаас халагдсан хэмээн шүүхдэж, нэг нь заргаа авсан гэх мэдээлэл энэ зуурт бий. Гэтэл өөр хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга хууль бус үйлдэлтэй хутгалдсан тул хянуулж, шалгуулах ажил эхэлсэн гэдгийг дээрх эх сурвалжаас онцоллоо. Хэдийгээр хуулийн байгууллагын хаалга одоохондоо татаагүй ч дээд хүнийхээ үгэнд ороогүй гэмтэй тул нэн даруй шалгуулж, хариуцлага тооцуулах ёстой юм байх. Ийм, тийм шалтаг, шалтгааны улмаас дэд сайд, Төрийн нарийнуудаа оролдохгүй хэмээн гэдэгнэж суусан У.Хүрэлсүх өгсөн үүрэг даалгавруудаа шалгаж, нэн даруй цэвэрлэгээ хийнэ гэдгээ Удирдах зөвлөлийнхөндөө мэдэгдсэн гэнэ.
Үүнийг нь У.Хүрэлсүх хөндөөгүй газраа хөндөж, өөрийн бүрэн багаар ажиллахаар сэтгэл шулуудаж байна гэж харах нэг хэсэг байхад, тэр алдаагаа доод хүмүүстээ чихэж, өөрөө чигч шударга, сайн нэрийг дуулах ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо гэж дүгнэх нөхөд ч бас байна.
Үүний зэрэгцээ кабинетаараа ажиллах зарчмаа үргэлж сануулж байдаг У.Хүрэлсүх хэд хэдэн гишүүнээ хуулийн байгууллага руу үдэх бололтой. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид улсын нууц задруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Увс аймгийн нутагт “Хотгор шанагын” уурхайн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцаа худалдсан эсэх асуудал дээр хэрэг бүртгэлт явагдаж, Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хуурамч тамганы хэрэг ч хуулийн байгууллагад бүртгэгдчихсэн яваа. Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайд Х.Бадельхантай холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудсыг завсаргүй чимэх болсон гэхчлэн мань эрийн тэргүүлсэн засаг эрээвэр хураавар, элдэв эсийн мэдээлэл, үйл явдал, армаг тармаг баримт фактаар баялаг байна. Тэр өөрөө дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудлаа авч хэлэлцэх бол түүний танхимын сайдуудын суудлыг хэн нэгэн гаднаас нь сөхөн ганхуулах галын наадам удахгүй эхлэхвий. Нам дотроосоо талцан арцалдаж, тогоотой хоолоо самран шидэлцэх энэ үеийг өлөн зэлмүүхэн хаврын урт өдрийг баран суугаа сөрөг хүчин шүүрэн авахгүй байна гэвэл алдас болох биз.
Нийгмийн шуудан сонин
URL: