Ц.АРИУНБАЯР: “МИНИЙ АХ БАЙХАД ЧИ ЯАХ ЮМ БЭ. БИ ЧАМАЙГ ЗАЙЛУУЛНА АА
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар Ц.Ариунбаяр хэмээх залуу нэлээд хэл амтай томилогдсон байдаг. Учир нь хотын одоогийн мээр Су.Батболдын эхнэрийн дүү гэдгээрээ гул барьж албан тушаал руу мацсан учраас хамтран зүтгэгчид нь таатай хүлээж аваагүй. 2016 оны сонгуульд нийслэлийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй, төрийн албаны хангалттай туршлагагүй энэ залууг Су.Батболд нийслэлийн Засаг дарга болсныхоо дараа шууд кранаар өргөж авчраад агентлагийн даргаар томилчихсон. Цүнх баригчид ингэж дарга болдог жишгийг эрхэм мээр эхнэрийнхээ дүүгээр үргэлжүүлэн дархлаажуулсан товч түүх ийм.
Хөрөнгө оруулалтын газар гэдэг бол Улаанбаатар хотын хөгжлийн амин чухал асуудлыг хариуцдаг агентлаг. Тэр ч утгаараа энэ агентлагийг толгойлж байгаа хүн өндөр хариуцлагатай, өндөр ачаалалтай ажилладаг. Гэтэл Ц.Ариунбаяр даргад зодоон цохион хийгээд явах цаг зав байдаг нь сонин. Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалантай зодолдсон гэдгийг баттай эхсурвалж мэдээллээ. Ажил хийж байхад маргаж мэтгэлцэх, санал зөрөлдөх зүйл бишгүй л гардаг. Гэхдээ хотын удирдлагын багт ажиллаж байгаа эрхмүүд зодолдоно гэдэг маш ноцтой үйлдэл.
Ц.Ариунбаяр “Миний ах байхад чи яах юм бэ. Би чамайг зайлуулна аа” гэх зэргээр ёсгүй авирласан тухай таагүй мэдээллүүд чих дэлсэж байна. Төрийн алба ч бай, хувийн хэвшилд ч ялгаагүй захирах, захирагдах ёс гэж байдаг. Нийслэлийн Засаг даргын орлогчоо барьж зодох гээд, чамайг зайлуулна гэж даналздаг агентлагийн даргын ёс зүй ямар төвшинд байна вэ. Өдий том болчихоод ээжээрээ түрий барих нь ээ гэдэг шиг Засаг даргын эхнэрийн дүү гэдгээрээ бамбай хийж, ёс зүйгүй авирлаж яваа Ц.Ариунбаяр гэдэг залуу хаана очиж зогсох юм бол. Шударга ёс, сахилга хариуцлагын тухай хамгийн их ярьдаг нийслэлийн Засаг дарга Су.Батболд төрийн албыг муухай харагдуулж байгаа дүүдээ яагаад хариуцлага тооцохгүй байна вэ.
2016 оны сонгуулийн дараа нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалуудыг 60 тэрбумаар үнэлж зарсан тухай маш том дуулиан дэгдсэн. Улс төрийн авлигын энэ сүлжээний нэг хэсэг нь крандуулж ирсэн Ц.Ариунбаяр дарга юм биш биз. НИТХ-ын дарга нь алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээн огцорсон байхад Су.Батболдын эхнэрийн дүү Ц.Ариунбаяр хэдий болтол зодоонцохион хийж дураараа авирлах ёстой вэ. Су.Батболд сонирхлын зөрчилтэй энэ томилгоогоо эргэн харж хариуцлага тооцохгүй бол өөрийнх нь байр суурь ноцтойгоор ганхаж эхлэхэд ойрхон байна.
Эх сурвалж: niislel.mn
URL: