Эрхийнхээ төлөө хариуцлага хүлээх үзэл санааг төлөвшүүлнэ
Дэлхий нийтээр хүний эрхийг хамгаалах өдрийг энэ сарын 10- нд тэмдэглэнэ.
НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглал баримт бичгийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан. Үүнээс хойш эл өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр 63 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Уг өдрийг угтан хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссараас гаргадаг уриан дор тэмдэглэдэг. Энэ жил “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриатайгаар цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, эрхийнхээ төлөө хүн бүр хариуцлага хүлээх үзэл санааг түгээж тэмдэглэх аж.
Манай улсын Хүний эрхийн үндэсний байгууллага 2001 онд байгуулагдсан. Олон улсын хүний эрхийн өдрийг угтан сургалт, сурталчилгаа, танин мэдэхүйн олон төрлийн тэмцээнийг энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа аж. Мөн олон нийтийн хүний эрхийн боловсролд зориулан цахим хуудсыг шинээр нээжээ.
Цахим хуудаст хүүхэд залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийг оруулж өгсөн байна. Иргэн бүр эрхээ бодитойгоор эдлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн оролцоо чухал. Тиймээс тус байгууллага жилд хоёр удаа иргэний нийгмийн байгууллагуудтай хүний эрх хэрхэн зөрчигдөж буй талаар болон үүний эсрэг хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар уулзалт хийдэг аж.
Хүний эрхийн үндэсний комисс ирэх онд иргэдэд чирэгдэл учруулж, бухимдуулдаг иргэний бүртгэл, газрын алба зэрэг төрийн анхан шатны байгууллагуудад хяналт шалгалт хийх, тэдгээр байгууллагуудын талаар иргэдийн гомдлыг хүлээж авах зэрэг хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөжээ.
URL: