Бетон, тоосго зэргийг дахин боловсруулж, барилгын суурь цутгалтад ашиглах боломжтой
Хотын хэмжээнд жил бүр хаягдаж буй хатуу хог, хаягдлын 40 орчим хувийг барилгын хог эзэлдэг. Гэтэл дахин боловсруулах, үйлдвэрлэлд ашиглах боломж манайд хараахан бий болоогүй байна.
Тэгвэл дэлхий нийтэд барилгын хатуу хог, хаягдлыг дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг технологи хэдийнэ нэвтэрчээ. Үүний тод жишээ нь Нидерланд улс юм. Тус улс барилгын хатуу хог хаягдлыг 100 хувь бүрэн ашиглаж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгвэл ийм бэлээхэн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжтойг Европын холбооны Switch Asia төслийн багийнхан онцлов. Өнгөрсөн 2016 оны тавдугаар сараас хэрэгжиж буй “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих” төсөл энэ чиглэлд анхаарал хандуулж, Нидерландын Дэлфт технологийн их сургуультай хамтран ажиллаж эхэлжээ.
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд төслийн багийнхан барилгын хог хаягдлын суурь судалгаа, материалын урсгалын шинжилгээний тайланг гаргаж, MOOC буюу сургалтын онлайн платформ системийг Дэлфт технологийн их сургуультай хамтран боловсруулж, сурах бичгүүдийг боловсруулан дуусах шатандаа оржээ. Харин одоо үйл ажиллагаагаа эрчимжүүлж жижиг дунд үйлдвэр, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, ШУТИС-тай хамтран бодит үр дүн гаргаж ажиллах нь чухал байгааг онцоллоо.
Ингэхдээ Монгол Улсад барилгын бетон, тоосго зэргийг дахин боловсруулж, элс хайрганы оронд барилгын суурь цутгалтад ашиглах бүрэн боломжтой гэдгийг хэлсэн.
Нийт 1.3 сая еврогийн төсөвт өртөгтэй 2020 он хүртэл хэрэгжих төслийн хүлээгдэж буй үр дүнгийн хувьд төслийн гол оролцогч талууд болон барилгын салбарынхан хог хаягдлын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд бэлтгэх, хог хаягдалд суурилсан бүтээгдэхүүн гаргаж, тестэлж, эдийн засаг талаас судалгаа хийж, стандарт гаргаж батлуулах шаардлага байгаа аж.
Энэ хүрээнд барилгын хог хаягдлын тогтвортой менежментийн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, Европын барилгын хог хаягдлын шилдэг туршлагыг судлах, барилгын хог хаягдлыг дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн гаргах туршилт, судалгаа хийх аж.
Нэн түрүүнд төсөлд хамтран ажиллаж буй жижиг, дунд үйлдвэр, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, ШУТИС-ийн багш, оюутнуудыг сургах, мэдлэг, мэдээлэлтэй болгох ажлыг эхлүүлэх юм байна. Үүний дараа үйлдвэрлэлийг нэвтрүүлэх бөгөөд төслийн хэрэгжилт дуусах үед төрийн болон иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиуд, багш нар, хувийн хэвшил, Монгол Улсын иргэд ашиг хүртэнэ хэмээн тооцжээ.
Ц.Цэцэг
URL: