Сувдаагийн уушгины зураг
Улаанбаатарын сая иргэний нэг 27 настай Сувдаа уушгины зургаа авахуулж, хариуг нь сонсоод хүнд байдалд оржээ. “Сонгдо” төвийн оношоор хоёр хүүхдийн ээж, залуу эмэгтэйн уушгинаас хорт хавдар илэрсэн байна. Тэдний гэр бүлийнхэн Тайландын эмнэлэгт яаралтай мэс засалд ороход төлөх 40 сая төгрөгийн эрэлд гарсан. Найз нөхөд, ажлын газрынхан нь чадах ядахаараа хандивласан ч эмчилгээний төлбөр сох дутаж, нөхөр нь танилуудаасаа зээл гуйж байгаа юм.
Мэдээллийн технологийн сайн мэргэжилтэн Чулуунбат “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж үнэн юм. Би ханиа алдмааргүй байна” гэж хэллээ. Хэрэв мөнгө олж чадвал залуу гэр бүл итгэл найдвар тээн Бангкок руу ниснэ. Улаанбаатарын агаарын бохирдлын 90 гаруй хувь нь гэр хорооллын яндангийн утаанаас уугин гардаг юм. Жилийн гуравны хоёрт нь буюу халаалтын улирал 8 сар үргэлжилдэг нийслэлийн гэр хороололд хотын захиргааны мэдээлснээр 154 мянган өрхийн 664 мянган хүн амьдарч байна.
Гэр, галлагаатай сууцныхан жилд 400 мянган тонн нүүрс түлнэ. Дөрвөн зуун мянган тонн нүүрсийг ЗИЛ-130 машинд шилжүүлбэл 80 мянган тэвш ачаа болно. Нэг машины урт 8 метр. Цуваа болговол 640 км үргэлжилнэ. Улаанбаатараас хойд хил Орос хүртэлх цуварсан их нүүрсийг нэг өвөл уушги нэвчих хор болгон түлж орхидог гэсэн үг юм. Цай чанах, дулаацахаар зууханд хийж буй хувин нүүрс бүр Сувдаад хорт хавдар үүсгэх, сая уушгийг хордуулахад оруулж буй “хувь нэмэр” болно. Нэг өрх дунджаар өвөлдөө 5 тонн нүүрс, 4.3 шоо метр мод түлнэ.
Боловсруулаагүй нүүрсийг зориулалтын бус зууханд шатааснаас Улаанбаатарын агаарын хэт бохирдол олон улсын стандартаас 2-10 дахин давж байна. Нүүрснээс үүдсэн агаарын бохирдол олон төрлийн өвчний үндэс шалтгаан болно. Бохир агаар амьсгалын зам, зүрх судас, төв мэдрэлийн систем, харшил, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хорт хавдар зэрэг өвчний тохиолдол ихсэх, үр хөврөл гэмтэх, дутуу төрөх, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг бууруулдаг гэдгийг шинжлэх ухаан нотолдог юм. Хүүхэд, ахмад настан, архаг хуучтай хүмүүсийн дунд амьсгалын замын өвчлөл агаарын бохирдлоос үүдэн ихэссээр байна.
Бяцхан уушги хүхэр, азотын давхар ислээр хордсоноор Улаанбаатарын багачууд багтраа өвчин тусах нь бусад аймгийн үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад 5-15 дахин их. Судлаач Г.Энхжаргалын тайланд “Хоёр дүүргийн 500 хүүхдийн 80 шахам хувьд нь амьсгалын замын өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн” тухай мэдээлжээ. “Бага насны хүүхдийн нас баралтын хамгийн түгээмэл тохиолдол нь амьсгалын дээд замын цочмог халдвар. Үүнд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө 93,77 хувь байна. Амьсгалын замын эмгэг үүсэхэд хамгийн их нөлөөтэй тоосонцорын бохирдлын хэмжээ хотын төв хэсэгт Монгол Улсын стандартаас 6, гэр хороололд 7-18 дахин их. Улаанбаатар хот хамгийн бохир агаартай нийслэл болжээ” гэж УИХ-аас баталсан “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн үндэслэлд өгүүлжээ.
Олон улсад агаарын бохирдлыг 6-8 үзүүлэлтээр нарийвчлан хянадаг. Азот, хүхрийн давхар исэл, озон, тоосонцорын хэмжээг тооцдог. Улаанбаатар болон 20 аймгийн төвийн агаарын бохирдлыг зөвхөн азот болон хүхрийн давхар ислээр л хэмжиж байна. Агаар бохирдуулагч нь хий, шингэн, хатуу төлөв байдалтай. Хийн төлөв байдалтай хорт бодис нь нүүрсхүчлийн хий, хүхрийн давхар исэл, хүхэрт устөрөгч, азотын дан, давхар исэл. Хүхрийн давсны хүчил,азотын давсны хүчил, давсны хүчил, давирхайлаг бодисууд нь шингэн төлөв байдалд оршиж, уушги, биеийг хордуулна.
Тоос, хөө, нүүрсний дутуу шаталтын элдэв бодис хатуу төлөв байдалтайгаар эрүүл бие, саруул ухаанд заналхийлнэ. Нүүрстөрөгчийн дутуу исэл хүнийг ядарч сульдуулахаас эхэлж, нас барах хүртэл хордуулах чадвартай. Азот, хүхрийн давхар исэл амьсгалын замын хурц, архаг өвчин, багтраа үүсгэнэ. Озон нь нүд хорсгоно, багтраа өвчин үүсгэнэ, мэдрэхүйг дарангуйлна. Агаар бохирдуулагч хар тугалга оюун ухааныг дарангуйлж, бусад эрхтэний системийг гэмтээнэ. Азотын исэл уушгины хавдар үүсгэх шалтгааны 12 хувийг эзэлж байна гэж эрдэмтэн Н.Сайжаа “Монголын том хотуудын агаарын бохирдлын эрсдэлт хүчин зүйлсүүд” судалгаандаа онцолсон байна.
Агаар бохирдсон хотын хүүхдүүдийн 72,7 хүртэл хувь нь амьсгалын замын өвчтэй байдгийг судлаач Б.Бурмаа тэмдэглэжээ. Гэр хорооллын хүүхдийн амьсгалын замын өвчин илрэх нь орон сууцны үе тэнгийнхнээс нь 1,7-4,4 дахин их байна. Агаарын бохирдол нүд хорсгон харагддаг ч хөшиглөн татсан их утаа манан дундаа нуух мэт үр дагавар, хор холбогдол нь тоо статистик, шинжлэх ухааны нэр томъёогоор бүрэн дүүрэн илэрхийлж болохгүй их. Зууханд хийсэн нүүрсний цог бүр Сувдаагийн уушгинд хавдар үүсгэх аюул улалзуулан шатна. Яндангаас олгойдох нүүрсний утаа өнөөдөр төрж амжаагүй хотын иргэнийг ч угтаж байна. Ухаж олборлосон, тэвш шуудайгаар нь ачсан, хүрз хувингаар хутгасан, шатааж түлсэн боловсруулаагүй нүүрс Улаанбаатарын сая иргэнд зориулагдсан нийтийн хор.
Сувдаа эмчлүүлж эдгэрлээ ч Улаанбаатарт амьдрахыг нь эмч нар хориглоно. Мөнгөний эрэл нь цэвэр агаарын эрлээр солигдоно.
А.Болд
URL: