Боловсон “хулигаанууд”

96570ac1ea3daa5a6ccbc56a9ae29e14’Улс төрийн соёлгүй Монголын улстөрчид’’ нийтлэл гарахад хэнд ч болов нэг их сонин зүйл байхаа болиод удаж байгаа нь өнөөдөр улс төрийн соёл манай оронд үгүй байгаагийн хамгийн энгийн илрэл. Байгаагаар нь байсан мэт байлгасаар л байвал цаашид юу болох вэ?

Хэвийн үзэгдэл мэт хүлээж авдаг, түүнийг хөхүүлэн дэмждэг, шударга бус явдалтай тэмцдэггүй, тэгсхийгээд л үлдээчихдэг нь Монгол улсыг тэр аяараа хээл хахуулын үндэс, үүр болгож байна. Зөвхөн улстөрчид рүү чичлэн заах нь дулимаг ‘’хардалт’’ болно.

Өнөөгийн улс төрийн байгуулал нь дээрээсээ авахуулаад доодхоо хүртэл ялзарч байгаа нь илт харагдаж байна. Дээд шатны байгууллагаас эхлээд сум, баг, хороодод хүртэл үүрлэчихсэн энэ ‘’завхарлыг’’ хэн, хэзээ, хэрхэн шийдвэрлэх вэ? Улстөрчид ард иргэдэд худал хэлэх, төсвийн мөнгийг шамшигдуулах, баг зүүж хаалт хэрэглэх, өөгүй ‘’өндөг шиг царайлах’’, өөрсдийн эрх ашгийг эн тэргүүнд тавих нь энгийн л үйл явдал болж.

Хүмүүний нийгэмд нийгмийн нэг бүлэг нөгөө хэсэгтэй харилцахдаа хүч хэрэглэх эрх дээр тулгуурласан засаглалын онцгой төрөл гарч ирэх үеэс улс төр үүссэн гэж үздэг.

Улс төрийн тодорхой соёл XIII зууны үед байсан. Монголын эзэнт гүрэн хатуу чанд Их засаг хууль цаазтай, ураг барилцах, анд бололцох сайхан уламжлалтай байсан.

Хааны алтан ургийнхан ‘’Их засаг’’ хуулиа зөрчвөл хүнд, хөнгөний байдлаар гяндлах буюу цөлөх ёсоор шийтгэгддэг. Алтан ургийн хэнийг ч гэсэн нэрээр нь хүндэтгэн дууддаг… ноёд жил бүр хоёр удаа хааны ордонд цугларч,  хааны сургаал зарлигийг сонсдог.

 

Миний зарлигийг аман дээрээ дагаж, ам далд зөрчиж, уснаа унагасан чулуу, өвснөө гээсэн зүү мэт хөсөрдүүлбэл нийтийг захирч үл чадна’’ хэмээх хатуу тогтоолтой байв.

 

“Аливаа нэгэн зарлиг тушаалыг буулгахад заавал 3 хүн санаа нийлсэн байх хэрэгтэй. Тийм болвоос сая биелүүлж болно. 3 хүний нэгд өөрийн биеэ оруулж тооцно. Өөрийн хэлснийг бусдын хэлсэнтэй, ялангуяа мэргэдийн яриатай адилтгаж үзэх хэрэгтэй. Эс нийлбээс зарлиг тушаалыг буулгаж үл болно’’ гэдэг байж. Хулгай хийснийг хүнд хөнгөний байдлаас хамаарч амийг нь хөнөөх хүртэл шийтгэх бөгөөд түүний гэргий, хүүхэд, мал хөрөнгийг хураан авдаг байж.

Энэхүү зүйл заалтууд нь бүхэлдээ Их Монгол улсын төрийн оршин тогтнолын үндэс байсан. Амгалан тайван байдалд аюул хор учруулах, ард иргэдийн санаа сэтгэл, эд хөрөнгөнд хөнөөл хохирол учруулах, хүмүүсийн уламжлалт амьдрал, ёс заншлыг гутаан бузарлах зэрэг эрүүгийн ноцтой гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэн цээрлүүлж байх тухай заасан ГАВЬЯАТ БАГШ байжээ.

 

Гэтэл, өнөөгийн нийгмээ өөрсдийн нүдээр нэг тольдоцгооё. Хэрэгжиж байгаа хууль нь дэндүү нялцгай, толгойг нь илээд, ходоод руу нь ‘’хоол чихээд’’ суудаг гэнэн цайлган ‘’зан’’ Монголд л байна шүү дээ. УИХ-ын гишүүдийг ‘’далан зургаан мал’’ гэхээс дээрдэх ‘’гуншин’’ хайрлах нь ‘’ховрын бараа’’.

 

Олгой хагаравч тогоон дотроо гээд хаалттай байдлаар улам булшлаад байж болохгүй. Нийгэм ийм тогтолцоотой удаан явдаггүй. Хууль дүрмээ чангатган сайжруулах нь анхны алхам. Дээд, доод шатандаа дорвитой өөрчлөлт хийх нь нэг гарц. Хээл хахууль авлигалыг нам дарах нь нэг шийдэл.

Хүн хэлэхээс нааш санахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй гэдгийг санан ‘’ЭРХЭМ УЛСТӨРЧӨӨ ТА СОЁЛТОЙ БАЙГААЧ!’’ хэмээн шивнэлээ! Гэтэл илжигний чихэнд алт хийсэн ч нэмэргүй, ус хийсэн ч нэмэргүй байдлаар авирлах нь хэрээс хэтэрч, хэмжээнээсээ хальж байна.

Caaknews.mn


URL:

Сэтгэгдэл бичих