АH-ын задрал эхэллээ
Ардчилсан намын шинэчлэл, дүрмийн өөрчлөлтийнхөө хүрээнд дотоод эргэлтийн сонгуулиа өнгөрсөн амралтын өдрүүдэд хийлээ. Гэхдээ санал авах үеэр Баянзүрх дүүрэгт болсон будлиан олны анхаарлыг татаж байна.
Өөр газар янз бүрийн асуудал гарсан байх магадлал бий ч бүх зүйл саналыг хайрцгийг бариад сурамгайгаар хүмүүсийн сунгасан гараас бултуулан гүйж буй хүний бичлэгээр бүх зүйл эхэлсэн юм.
Гэтэл тэр нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах С.Амарсайхан гэгч бөгөөд өөрөө нэр дэвшигч гэнэ. Бас өөр нэг нэр дэвшигч Э.Хатанбаатарыг төв намаас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Н.Энхбаяр машинаар санаатай дайрч гэмтээсэн талаар БЗД-ийн АН-ын гишүүд өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ хэлж байна. Тэд мөн санал өгөх эрхтэй гишүүнийг оруулаагүй хэрнээ хуурамч намын батлахтай хүмүүсээр санал өгүүлсэн тухай дурдав.
Түүнчлэн “БЗД-ийн АН 10 мянга гаруй гишүүдтэйгээс санал өгөх эрх нь нээгдсэн 5300 гишүүн бүртгэлтэй. Гэтэл төв намаас ирүүлэх нэрийн жагсаалт тодорхойгүй байгаа. Өмнөх сонгуулиудыг явуулахад санал өгч байсан хүмүүсээс энэ удаа оролцох эрхгүй болж байна” гэв. Үйл явдал товчхондоо ийм.
АН 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа хоёр сарын дотор Их хурлаа гурван удаа хуралдуулан үзэл баримтлал, дүрмэндээ өөрчлөлт оруулж, ротацийг эргүүлж сэргээн, бүх шатны намын дарга нараа гишүүдээсээ сонгодог байхаар шийдвэрлэж байлаа. Тэр дагуу намынхаа даргыг сонгож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан. Намын удирдлагад бугшсан хэсэг хүмүүсээ гишүүд нь муу ажиллаж байна гэж үзвэл сольж болдог болсон нь олон гишүүд дэмжигчдэд нь таалагдсан юм. Үнэхээр ч нам ялахаар аль өнгөтэй өөдтэй нь албан тушаалд очдог, ялагдахаар гадаадад сурахаар явчихдаг лидерүүдээсээ гишүүд нь залхсан байв. Харин АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсоны дараа гишүүдээ ч, дэмжигчдээ ч алдсаар байгаа дүр зураг харагдаж байна.
Ардчилсан нам хэзээнээс нэг хүний хатуу гарт зангидагдаж байгаагүй анхнаасаа таван намын нийлбэр билээ. Тиймээс ч энэ намыг удирдах хүн аль болох дотоод фракцуудынхаа эв зүйг олох дарамтад эхлээд ордог. Гэвч үүнийг хамгийн ихээр мэдэх С.Эрдэнэ намыг ганцхан өөрийнхөө гарт авахыг хичээсэн мэт үйлдлүүд удаа дараа гаргаж эхлэв. Тухайлбал, АН-ын дотоод эргэлтийн сонгуулийн нэр дэвшигчдийг бүртгэх үеэр нийтлэлч Б.Батбаяр, Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Ч.Сайханбилэг, М.Батчимэг гээд намынхаа нэр нүүр болж явсан, нөлөө бүхий туршлагатай гишүүдээ ротацид оруулж Үндэсний бодлогын хорооныхоо гадна үлдээв. УИХ-ын сонгуулиар ҮБХ-ноосоо нэр дэвшигчдээ тодруулах тухай намын дүрэмтэй нь уяж харвал энэ нь намаасаа хассантай адил зүйл мэт ойлгогдоно.
Дээрх хүмүүсийг ротацид оруулахад тухайн тойргийн гишүүд болон төв намаас үнэлгээ өгсөн гэдэг. Ингэхдээ төв намынхаа зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж ажиллаагүй гэдэг шалтгааныг олон хүн дээр тавьж хэрэглэжээ. Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжихгүй байх шалтгаантай хүмүүс тэнд олноороо байсан. Нэгэнтээ Х.Баттулгыг намынхаа нөхдийг, аль өнгөтэй өөдтэй яваа хүмүүсээ намнадаг хэмээн УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин цоллож байлаа. Тэр хүн лав дэмжихгүй нь тодорхой.
Тиймээс ч ротацид оруулсанд зарим лидерүүд нь тун дургүй байлаа. Нийтлэлч Б.Баабар л гэхэд “С.Эрдэнэ намаа Нийгмийн даатгалынхнаар дүүргэлээ. Ардчилсан нам эрүүгийнхний нам боллоо” зэргээр шүүмжилж байв. Нөгөө талаас “Намынхаа үйл ажиллагаанд оролцдоггүй. Дэмжиж ажилладаггүй хэрнээ албан тушаал болохоор гараад ирдэг хүмүүсийг ротацид оруулсан нь зөв” гэж өмөөрөх гишүүд ч байсан юм. Түүний дараа С.Баярцогттой холбоотой Швейцарь дахь дансны асуудал сөхөгдөхөд намаасаа өчиггүй хөөв. Намын болон төрийн олон өндөр албан тушаал хашиж явсан туршлагатай гишүүнээ нүд ирмэх зуур эгнээнээсээ гаргахад зарим хүмүүс гайхсан. Гэхдээ шударга ёсыг намдаа тогтоож байна гэж харсан хүмүүс ч бий.
Харин одоо дотоод эргэлтийн сонгууль Баянзүрх дүүрэгт явуулахдаа намын саналын эрхтэй гишүүдээ оруулсангүйд гишүүд нь бухимдаж байна. Өөрөөр хэлбэл, намын дарга С.Эрдэнэ болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох сонгуульд оролцож байсан бүрэн эрх нь хэвийн гишүүд саналаа өгч чадаагүй тухай хэлж байгаа юм. Өчигдөр БЗД-ийн АН-ын гишүүд АН-ын байранд ирж эсэргүүцэл үзүүлэв.
Тэд “АН бодлогын нам болохоос боссын нам биш”, “Танхай, хар тамхины хэрэгт холбогдож байсан С.Эрдэнийн хуурай дүү Бадрахыг Баянзүрх хүлээж авахгүй”, “С.Эрдэнэ АН-ын гишүүдээ хүндэл”, “Ардчилсан намын дарга С.Эрдэнэ АН-ын үндсэн дүрмээ удаа дараа зөрчихөө зогсоо”, “АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалыг дүрмийн бус үйлдлээ зогсоохыг шаардаж байна”, “С.Эрдэнэ намын дарга болоход намын гишүүн мөн, дотоод сонгууль болоход намын гишүүн биш болдог нь шударга ёс мөн үү” гэх зэрэг лоозон барьжээ.
Тэднээс болж АН-ын удирдлагуудын зарласан хурал хойшилсон юм. С.Эрдэнэ намын даргын төлөө Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан нартайгаа өрсөлдөж 2928 оноогоор ялж байлаа. Тэдгээр онооны дийлэнхийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн гишүүд өгч байсан гэдэг. Уг нь намын дарга нь өөрөө гарч ирээд ярилцсан бол жинхэнэ гишүүдээсээ сонгогдсон намын даргын зөв үйлдэл болж харагдах байлаа. Гэвч тэгсэнгүй. АН-ын сонгууль Монголын ардчилсан нийгэмд байгаагүй хамгийн зэрлэг хэлбэрээр болж өнгөрлөө. Лидерүүд нь дайжиж эхэллээ. Одоо эргээд таван нам болоод тарчихвал гайхах хүн гарахгүй нь. С.Эрдэнийн үед АН-ын задрал эхэлж байна.
Үндэсний шуудан сонин
URL: